
НҮБ-аас санаачлан 2001 оноос жил бүрийн 12-р сарын 5-ны өдрийг Олон улсын сайн дурынхны өдөр болгон дэлхий даяар тэмдэглэдэг болсон билээ. Сайн дурын байгууллагуудын сүлжээ нь энэ өдрийг 2003 оноос хойш албан ёсоор нэгдсэн байдлаар тэмдэглэн ирсэн юм. Энэ өдөр сайн дурын байгууллагууд бүтэн жилийн турш хийсэн ажлуудаа олон нийтэд нэгтгэн танилцуулж, сайн дурынхны хүчийг улс нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглүүлэн дайчлах, дэмжихэд анхаарлыг татах кампанит ажил болгон өрнүүлдэг. Энэ жил уламжлал ёсоор Монголд сайн дурын үйлсийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, албан байгууллагыг сонгон шалгаруулж оны шилдэг сайн дурын ажилтан, төсөл, үйлстэн, байгууллага, дэмжигч байгууллага, залуу ажилтан гэсэн зургаан номинациар монгол дахь сайн дурынхны салбарын 2012 оны шилдгүүдээ шалгаруулах ажээ. Тус арга хэмжээ нь Улаанбаатар хотод болон Монгол улсын хэмжээнд сайн дурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн аж ахуй нэгж, хувь хүмүүсийг хамруулсан үйл ажиллагаа болох юм. 2008 оноос хойш 12 байгууллага, 12 хүний сайн дурын үйл ажиллагааг шалгаруулан алдаршуулаад байна.
Дашрамд дурьдахад, Монголд 22.000 сайн дурынхан идэвхитэй ажилладаг нь нийт хүн амын багагүй хувийг эзэлж байдаг аж. Тэд эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин, хүмүүнлэгийн зэрэг нийгмийн чухал салбарт хүрч ажиллаж, сард 2,4 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр шимийг нийгэмд үзүүлж байгаа юм.
Б.СҮХ