Азийн Олимпийн Зөвлөлийн ээлжит чуулганаас 2019 онд болох Азийн зуны спортын XVIII наадмыг Вьетнамын нийслэл Ханойд зохион байгуулахаар болсон байна. Уг наадмыг зохион байгуулах өрсөлдөөнд Арабын Эмиратын Дубай, Вьетнамын нийслэл Ханой, Индонезийн Сурабая хотууд нэр дэвшээд байсан билээ. Харин Дубай хот нэрээ татаж авснаар Ханой, Сурабая хотууд үлдсэн юм. Вьетнамын тал энэ наадмыг зохион байгуулахад бэлэн гэдгээ хэлсэн бол Индонезийн засгийн газраас Сурабая хотыг бүх талаар дэмжиж байгаа гэдгийг илэрхийлжээ. Санал хураалт явагдсаны дараа Азийн Олимпийн Зөвлөлийн ерөнхийлөгч, Кувейтийн иргэн Шейх Ахмад Аль-Фахад Аль-Сабах ялагчаар Вьетнам улсын нийслэл хотыг зарласан юм.
Вьетнам улс 2003 онд Зүүн Өмнөд Азийн наадмыг зохион байгуулж байсан бөгөөд тэд 2019 оны Азийн наадамд зориулж 150 сая ам.долларыг шинэ спортын ордон болон тамирчдын тосгон барихаар төсөвлөж байна. 2010 онд Азийн наадам Гуанжоуд болсон бол дараачийн наадам 2014 онд БНСУ-ын далайн тээвэр болон нисэх онгоцны боомт хот Инчонд болох юм.