Мьянмарт дараалсан газар хөдлөлт болж, 13 хүн нас барж, 40 гаруй хүн гэмтэж бэртжээ. Эхний газар хөдлөлт өчигдөр Мандалай хотын хойд хэсэгт 10 метрийн гүнд болсон бөгөөд 6.8 магнитудын хүчтэй байжээ. Харин удаах нь өнөөдөр өглөө болсон ба газар хөдлөлтийн хүч 5.6 магнитуд байв. Одоогоор газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирлын талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа ч зарим байшин барилга нурж, зам гүүр эвдэрч сүйдсэн байна. Эхний газар хөдлөлт болоход зургаан хүн нас барж, олон хүн гэмтэж бэртсний ихэнхи нь алтны уурхайн ажилчид байжээ. Мөн Шуэбо гэх жижиг хотод гүүр барьж байсан таван ажилчин газар хөдлөлтийн улмаас голд унаж, ор сураггүй болсон байна. Түүнчлэн Кяук Мяунгад барилга нурсанаас нэг хүн нас барж, арав гаруй хүн гэмтэж бэртжээ. Газар хөдлөлтийн чичиргээ хөрш Тайланд улсын Бангкок хотод хүртэл мэдрэгдсэн байна.
Б.АНХТУЯА