Улаанбаатар хотод 21 мянган га газрыг гэр хороолол эзэлж, 1 га талбайд 33 хүн амьдарч байна. Харин хотын төвд 1 га талбайд 3400 хүн ногдож байгаа юм. Гэр хороололд 200 мянган жорлон, бохирын нүх яг одоо идэвхтэй байна. Урьд нь 160 мянган жорлон ашиглагдаад булагдсан, одоо хөрс бохирдуулаад байж буй. Утаанаас илүү аюул энд байгаа. Эрүүл ахуйн үнэлгээгээр хөрсний бохирдол их гэсэн ангилалд багтаж байгаа нь харанга дэлдэж байна. Улаанбаатарын иргэдийн 60 гаруй хувь буюу 700 мянга давсан иргэд гэр хороололд нүүрс түлэхээс өөр сонголтгүй амьдарч байгаа. 80 мянган гэр, 100 мянган амины байшин агаарын бохирдлын 50 гаруй хувийг цацдаг. Гэр хорооллоос 200 мянган шоо метр хог ялгардаг. Тээвэрлэлт тогтмол биш учраас 30 хувь орчны гуу жалганд үлдэх ажээ.
Эндээс нэг л дүгнэлт хийж болно. Цаашид ийм байдлыг үргэлжлүүлж болохгүй. Утаагүй түлш, зуух, дулаан бүрээс аль нь ч асуудлыг цогцоор нь шийдэхгүй. Засаг захиргааны зүгээс гэр хорооллын асуудалд алсыг харсан, өргөн сэтгэлгээ, зоримог шийдлээр хандах цаг нэгэнт болсон. Э.Бат-Үүлээр ахлуулсан нийслэлийн Ардчилсан намын баг улаанбаатарчуудад онцгой санал тавиад, тэдний дэмжлэгийг авсан, одоо ажлаа эхлүүлж байна. Энэ талаар жич ярья. Одоо “гангнам стайл”-аа жаахан тодруулмаар юм уу.
25 сая хүнтэй Сөүл хотын 25 дүүргийн нэг нь Каннамкү буюу Гангнам дүүрэг юм. Хан мөрний зүүн өмнөд эрэгт 39.55 ам дөрвөлжин км нутагтай. Сөүлийн нутаг дэвсгэрийн 6.53 хувийг Гангнам эзэлдэг ч хүн амын тоо 2012 оны байдлаар 960 958. Сөүлийн бусад дүүргээс баян, тансаг, цэвэр цэмцгэр, хүн шигүү суурьшдагаараа ялгарна. Энэ дүүрэгт үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадна. Сөүлийн бусад дүүргээс 3,5 дахин үнэтэй.
Ойролцоогоор 1 кв.м 10 мянган доллар. Хотын захиргааных нь мэдээлснээс үзэхэд энэ дүүргийн Тегеранно хэмээх гол гудамжинд жилд 160 сая 640 мянган долларын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь Солонгос даяарх нийт венчур капиталын тэн хагас нь ажээ. Бидний сонирхоод байгаа гол асуудал! Ердөө 30 жилийн өмнө энэ дүүрэг нийслэлд хамаардаггүй Кёнгидо тойрог, Кванжу суурингийн ядуусын хороолол байсан юм.
Өмнөд Солонгос улс 1970 оноос том мөрөөдлөөр жигүүрлэн, том бүтээн байгуулалт өрнүүлснээр түүхэн дэх хамгийн хүнд хэцүү хирнээ хамгийн гайхалтай үеэ цогцлоосон юм. “Хан мөрөн дээрх гайхамшиг” гэж дэлхий даяарт шагшин магтах хурдацтай хөгжлийн тод илрэл нь Гангнам дүүрэг болсон билээ. Уншигч энэ дүүрэгт өрнөсөн бүтээн байгуулалт, тэмцлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл солонгосын ТВ-ийн цуврал Giant (Монголд “Тэмцэл” гэж орчуулж гаргасан) киног үзэхийг зөвлөе. Гангнам хэмээх ядуусын хороололд төрж, өссөн өнчин хөвгүүн Lee Kangmo-гийн түүх. Хэн ч тоошгүй навсгар хорооллыг Сөүлийн хамгийн тансаг дүүрэг болгон хувиргасан бүтээн байгуулалт бидэнд үнэтэй сургамж, хичээл болно. Том мөрөөдөл л гайхалтай үр дүнг авч ирдэг. Гэр хорооллыг Гангнам дүүрэг болгох нь бүтэшгүй зүйл биш! Өмнөд Солонгос улс 30 жилийн дотор их бүтээн байгуулалтыг өрнүүлж, өнөөгийн эдийн засгийн хаа суурийг тавихдаа G хорооллыг G дүүрэг болгосон бэлээхэн жишээ.
1975 оноос Гангнамын байршил Сөүл хотын захиргаа болон Ерөнхийлөгчийн анхаарлыг татах болжээ. Урьд нь энэ газар нутгийг эзэмшихэд саад болж байсан хүчин зүйлс технологийн дэвшлээр үгүйсгэгдсэн тул энд бодлогоор их бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. Ингээд Гангнамыг Кванжутай нь хамт Сөүлийн Сондон дүүрэгт хамааруулах болсон. Хамгийн хоцрогдсон хороолол Гангнам 1988 он гэхэд Сөүлийн бие даасан дүүрэг болсон байлаа. 2010 онд Их 20-ын уулзалтыг Гангнам дүүрэгт зохион байгуулснаар дэлхий нийтийн анхааралд өртөж ирсэн. Харин энэ зун PSY гэх тайзны нэрээр алдаршсан Пак Чэ Саны “Gangnam Style” дууны клип нь Гангнам дүүргийг дэлхий нийтээр сонирхох, даган дууриах өвчнийг тархаасан билээ. Будааны талбайд нуруугаа бөгтийтэл зүтгэж олон зууныг өнгөрөөсөн үндэстэн морин цогиогоор дэлхийг дагуулж байхад морьтон монголчуудад дутах зүйл бий гэж үү?
Төр засгийн анхааралыг G хороолол руу татаж, том улстөрийг G хороолол руу чиглүүлснээрээ Үүл баатар түүхэн гавьяатай. Түүнд мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хийх ажил маш их байна. Баатарт ямар мөрөөдөл байгаа вэ?
Тэрбээр гэр хорооллыг дахин төлөвлөж, инженерийн шугам сүлжээтэй холбож, хүн амьдрахад таатай, тохилог амины сууцны хороолол болгохыг мөрөөдөж байна. Э.Бат-Үүл энэ хотыг метротой, хурдны тойрог замтай, хотын захиргаа нь иргэдээсээ асуудаг, бүтээн байгуулалт нь төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй, зам нь түгжрэлгүй, агаар нь цэвэр, барилга барих гэж хүнд сурталд нэрвэгддэггүй, иргэд амрах, алжаалаа тайлах тохиолог орчинтой жаргалын хот болгохыг мөрөөдөж байгаа. Түүний хамгийн том мөрөөдөл нь Улаанбаатар 2040 он гэхэд Олимп явуулж чадах хэмжээний хөгжилтэй хот болсон байх!
Гангнам дүүргээр жишээлэхэд энэ бүтэшгүй мөрөөдөл биш. 1975 онд Сөүлд нэгдсэн хөдөөгийн тосгон 1988 онд тансаг дүүрэг болсон байна шүү дээ. Сөүл 1968 оноос Олимпийг мөрөөдөөд 1988 онд түүндээ хүрсэн. Бид 2012 оноос мөрөөдөөд зүтгэвэл 2040 он хол гэж үү? Нөгөө талаас баатрын мөрөөдөл бол бидний л мөрөөдөл учраас Улаанбаатар санаачилгаараа хотын даргаа олуулаа дэмжиж, олуулаа хамтран ажиллах ёстой.
Улаанбаатар хотыг 1990 оноос хойш МАН удирдаж ирсэн. Энэ намаас тавигдсан хотын дарга нар хэзээ ч том мөрөөдөж байсангүй. Яавал ахиухан газар худалдаж хармаагаа түнтийлгэх вэ, хэнд барилга барих зөвшөөрөл сэм өгөөд хэдэн цаас тогших вэ, өөртөө болон хамаатан садандаа тансаг хаус бариулах юмсан гэх мэт амиа бодсон, өдрөө аргацаасан хүмүүс л ээлжлэн даргалж байлаа. Энэ намаас тавигдсан хот, дүүргийн дарга нар иргэдийнхээ мөрөөдлийг үргэлж няцалж, газрын наймааг цэцэглүүлсэн юм.
Жишээ нь, УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрөөр 75 мянган айлын орон сууц барихаар төлөвлөснийг хотын хуучин удирдлагууд завхруулж, гэр хорооллын иргэдийн хашааны газрыг хямд үнээр худалдан аваад төрд үнэтэй зарах, эсвэл эзэнд нь эргүүлээд өндөр үнэтэй орон сууц шахах ажил болгон хувиргасан билээ. Тэд, иргэдийн газрыг 20-30 сая төгрөгөөр худалдаж аваад 2 өрөө орон сууц 60-70 сая төгрөгөөр өгөх дээрмийг эхлүүлсэн юм. МАН-ын дарга нар дүүргийн хөрөнгийг иргэдийн мөрөөдлийг хэрэгжүүлэхэд бус амин хувийн ашиг завшаанд зарцуулж ирсэн. Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг “Эвтэй дөрвөн амьтан” гэх хөшөөг 350 сая, “Чулуун овоо” дахь нохойтой хөшөөг 750 сая, аюулгүйн тойрог дахь усан оргилуурыг 400 орчим сая төгрөгөөр хийлгэсэн гэж тайлагнажээ.
Гэтэл дүүргийнх нь гэр хорооллууд гэрэлгүй, явган хүний замгүй, худаг цөөн байна. Олон мянган хүн хүйтэнд холоос ус зөөж, хүүхдүүд холоос харанхуй гудамжаар бүдчин айн чичирсээр сургуулиа зорьж байна. Гэтэл Б.Батзориг нийтийн эрх ашигт зориулагдах ёстой мөнгөнөөс нийтдээ 3.6 тэрбум төгрөгийг шальдир бульдар зүйлд үрэн таран хийсэн байна. Б.Батзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “328 сая төгрөгөөр 120 хүүхдийн ортой цэцэрлэг нэгийг байгуулах боломжтой” гэжээ. Тэгвэл түүний үрэн таран хийсэн 4 тэрбум гаруй төгрөгөөр хэдэн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барих байв аа. МАН-ын зүтгэлтнүүд хэдэн арван мянган хүүхдийн тохилог орчинд сурах мөрөөдлийг “алав аа”.
Ийм өчүүхэн хүмүүстэй том мөрөөдлөөр, мөрөөдлөө хэрэгжүүлэх шаргуу зүтгэлээр л тэмцэнэ. Улаанбаатарчууд одоо том мөрөөдлөөр жигүүрлэн хөгжлийн үсрэлт хийх үү, жижиг гаруудтайгаа зууралдсаар утаан дундаа дуниартан хоцрогдох уу гэдэг сонголтын өмнө ирээд байна.
Дүүрэгт шинэчлэл хийлгэхгүй “хазаарлана, чөдөрлөнө” гэж улайм цайм ярьж байгаа МАН-ын хуучинсаг хүчин цаана чинь отож байна. Улаанбаатарын G хорооллыг G дүүрэг болгох том мөрөөдөлд том тээг тавихаар заналхийлж байна. Тэдний амиа хоохойлох, хуучнаа ямар ч үнээр хамаагүй торгоон барих, хөгжилд тээг болох явцуу “мөрөөдлийг” тас цохиё.