Хойд Солонгос, Японы талууд шийдвэрлэх зарим асуудлаа ярилцаж уулзах газраараа Монгол Улсыг сонгосон талаар Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлсэн байна.
Дээрх хоёр тал Хятадад бус Улаанбаатарт уулзаж, Хойд Солонгос, Японы хоорондын зөрчилтэй асуудлуудыг хэлэлцэх ажээ. Хоёр тал өнгөрсөн хавар буюу гуравдугаар сард Улаанбаатарт төлөөлөгчдөө явуулж уулзах газраа товлож байсан байна. Энэ арваннэгдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд хийхээр урьдчилсан байдлаар товлоод буй уулзалтын үеэр Японы тал Хойд Солонгост 1960-1970-аад оны хооронд хулгайлагдан очсон япон иргэдийг буцааж өгөхийг албан ёсоор нэхэмжлэх тухай урьдчилан мэдэгдэж байсан боловч БНАСАУ-ын тал уулзалтын үеэр энэ талаар хэлэлцэхгүй гэжээ. Харин Хойд Солонгосын төлөөлөгчид Япон улсад ажлын журмаар зорчиж байх боломж, нас барсан япон иргэдийн шарилыг буцааж өгөх талаар хэлэлцэх бодолтой хэмээн мэдэгдсэн байна.
Монгол Улс нь Хойд, Өмнөд Солонгос, Японы аль альтай найрсаг сайн харилцаатай байдаг нь тэдгээр орнууд Монголд уулзах бололцоог нээж байдаг юм. Нэлээд хэдэн жилийн өмнө ийм уулзалт Улаанбаатарт бас болж байсан билээ.
Д.ОЮУН