Сэтгэлд оч байхад зууханд гал дүрэлзэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Сэтгэлд оч байхад зууханд гал дүрэлзэнэ

Нийслэлийн иргэд олуулаа цэвэр агаар, хогггүй гудамжийг мөрөөддөг. Гэвч өмнөх Засгийн газар, хуучин хотын удирдлагын сэтгэлгүй, цэвдэг сэтгэлээс үүдээд утаагүй түлш үйлдвэрлэх, хоггүй гудамжтай байх зорилгоор төсвөөс гаргаж байсан мөнгөнүүд үргэлж салхинд хийсч, МАН-ын удирдлага олон нийтийн мөрөөдлөөр мөнгө хийхээс бус бодитой ажил хийдэггүй байж. Магадгүй хог, утаа арилчихвал тэдний иддэг мөнгө байхгүй болчих нь гэж айдаг байж ч болох юм. Энэ айдсаараа тэд хариуцсан ажилдаа сэтгэл гаргадаггүй, сэтгэл үгүй болохоор зүтгэдэггүй, зүтгэлгүй болохоор үр дүнгүй ажил хийдэг байсан байж таарах гээд байна. Үүнийг хоёрхон жишээгээр нотлоё.

Утаагүй түлш яасан бэ?

2-р цахилгаан станцыг түшиглэн утаагүй түлшний үйлдвэр байгуулах тендерт ялсан Аморе интернэшнл компани 2 жил өнгөрөөд байхад ганц ч кг утаагүй түлш гаргаагүй сууж байна. Учрыг лавлавал ердөө 15 сая төгрөгийн дүрмийн сантай энэ жижиг компанид 18 тэрбумын өртөгтэй том ажлыг хариуцуулсан хүмүүс нь МАН-ын сайд нар Ч.Хүрэлбаатар, Д.Зоригт нар юм. Энэ мэдээллийг УИХ-ын индэр дээрээс тэдний намын “нэртэй” зүтгэлтэн Ц.Батбаяр тунхагласан болохоор эргэлзэх хэрэггүй, хүмүүс ээ.

Гэрээний дагуу 11 сарын 1 гэхэд Аморе интернэшл 19 мянган тонн шахмал түлш ийг үйлдвэрлээд нийслэлчүүдэд нийлүүлэх ёстой. Тэд үүргээ биелүүлсэнгүй. Цэвэр агаараар амьсгалах иргэдийн мөрөөдөл бараантлаа. Үүнтэй зэрэгцээд нүүрсний үнэ тэнгэрт хадаж тонн нь 210-250 мянган төгрөгт хүрч эхлэсэн тул Шинэчлэлийн засгийн газраас шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд хүрчээ. Юуны өмнө төрийн өмчит Багануурын уурхайд тусгай мөргөцөг гарган, өдөрт 27 вагон нүүрсийг шигшиж, ангилж бэлдээд нийслэл рүү ачуулдаг болгох зохион байгуулалтыг хийж, шаардагдах техник технологийг суурилуулсан байна. Шигшүүрээс жигд 2 – 15 см хэмжээтэй нүүрс гарч байгаа учраас иргэдийн хэрэглээний нүүрс ямар ч хаягдал, гологдолгүй болсон. Ингэснээр Багануурын уурхайгаас өдөрт 172 вагон нүүрс Улаанбаатар руу ачигддагийн 27-д нь иргэдийн хэрэглээний нүүрсийг тээвэрлэж байхаар болжээ.

Иргэдэд хямд нүүрс түгээх ажилд нийт 1600 орчим гэрээт ажиллагсад оролцож энэ хэмжээгээр тогтмол ажлын байр бий болсон байна. 500 гаруй шуудайлагч, 320 жолооч, 176 борлуулагч энэ нүсэр ажлыг нугалж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх боллоо. Иргэдэд ойртуулж, хүргэж өгөх ажлыг Нийслэлийн захиргаа хариуцаж, 1 хороонд 2 борлуулалтын цэг байхаар төлөвлөжээ. Борлуулалтын цэг нь цэнхэр дарцаг бүхий тэмдэг, хаягтай, нийт 176 цэг өглөө 10 -аас үдшийн 21 цаг хүртэл ажиллана. Нүүрс борлуулах цэгүүд хорооны айлуудад гурав хоног тутамд талон тарааж нийлүүлэлтийг жигд байлгах юм. МАН-ын Засгийн газар 18 тэрбум төгрөг авчихаад 2 жил болоход хийж чадаагүй ажлыг 2 сар хэртэй хугацаанд тун жаахан мөнгө, гол нь сэтгэл зүтгэлээр амжуулж чадлаа. Сэтгэлд д өчүүхэн ч гэмээ нь оч байхад иргэдийн зууханд гал дүрэлзэхийн учир энэ буюу. Хамгийн гол нь нүүрсний үнийг зохиомлоор хөөрөгдснийг сэтгэл гаргаж, зүтгэл нэмсэн ажлын үрээр зогсоож чадлаа. Үр дүнд нь Багануурын уурхайгаас ченжүүд 1 тонн нүүрсийг 27.5 мянган төгрөгөөр авчихаад, иргэдэд 1 тонныг нь 250 мянган төгрөг хүргэж зардаг байсан нүүрсний үнэ 80 мянган төгрөг т хүрч, 6 кг-аар савлагдсан нүүрсийг 1500 төгрөгөөр борлуулж  байсныг 40 кг хэмжээтэй савлагаатай болгож 3200 төгрөг болгожээ.     Гэр хорооллын 190 мянган өрхийн түлшний зардал энэ өвөл 320 мянган төгрөгөөр хэмнэгдэх боллоо. Анх иргэд нүүрсний үнийг банкинд тушаадаг байхаар төлөвлөсөн боловч иргэд бэлэн мөнгөөр шууд төлбөр хийх хүсэлтэй байсан тул борлуулагчдад мөнгөө төлөх боломжтой болгожээ.

Утаа ихсэх юм биш биз?   

Багасахгүй гэхэд ихсэхгүй гэдгийг албаны хүмүүс хариуцлагатайгаар хэлж байна. “Хямд үнээр нүүрс олгоно гэхээр утааг бууруулах ажилтай авцалдахгүй байна” гэх шүүмжлэлийг МАН-ынхан байж ядан гаргаж байгаа. Уг нь тэд тендерээ зөв явуулсан бол, шалгарсан компани нь үүргээ биелүүлсэн бол нөхцөл байдал огт өөр байхсан. Иргэдийг дулаан өвөлжүүлэхийн тулд, тэдний мөнгийг хэмнэхийн тулд “үүнээс өөр гарц одоогоор алга” гэдгийг Засгийн газрын тэргүүн санаа алдан хэлж байна. Шинэчлэлийн Засгийн газар хоёр жилийн дотор утаагүй түлш үйлдвэрлэлийг бүрэн шийдснээр 2013 оны намраас Улаанбаатарын утаа 2 дахин багасна. 2014 он гэхэд иргэд утаагүй түлшийг соёлтой савлагаатайгаар ойрхи дэлгүүрүүдээс худалдан авдаг болно. Шинэчлэлийн засгийн газар хямд нүүрс нийлүүлэхтэй зэрэгцүүлээд агаарын бохирдлыг бууруулах ажлыг ч эрчимжүүлж байгаа. Энэ өвөл гэхэд л нийслэлийн есөн дүүргийн 12461 өрхийг боловсруулсан түлшээр хангаж, 23 мянган өрхөд бүрэн шаталттай зуухыг тараан, 20 мянган өрхөд 80 ам метр хүртэлх талбайг халаах усан халаалттай сайжруулсан зуухыг нийлүүлж, 7500 өрхөд ердийн сайжруулсан зуухыг нийлүүлэх юм. Хотын төвд ойрхон 1590 өрхөд утаа шүүгч олгож, мөн Түүхий нүүрс хязгаарлах үндсэн бүсийн айл өрхүүдийн худалдан авч байгаа боловсруулсан түлшний үнийг 43 хувиар бууруулж, хямдарсан нүүрсний үнэтэй ижил төвшинд хүргэв. Дээрх ажлуудын үр дүнд түүхий нүүрсний хэрэглээ 27 хувиар буурах тооцоо гарсан. Өнгөрсөн онд түүхий нүүрсний хэрэглээ 16 хувиар буурсантай харьцуулбал энэ өвөл нийслэлчүүд 95 мянган портероор зөөх хэмжээний нүүрснийг түлэхгүй байх боломжтой боллоо.

Хог хаягдалд ч сэтгэл дутаж байжээ

Нийслэлийн иргэдийн бас нэгэн мөрөөдөл олон жил дарагдсаан. Хотын гудамж, ялангуяа гэр хороолын гудамж, ойрлцоох жалга хонхорууд хур хогондоо дарагдаж иргэдийг бухимдуулсаар ирсэн. МАН-ын дарга нар сонгууль дөхөхөөр л хийдэг кампанит ажлаа хог ачих болгоод удсан. МАН хогийг нэр төрөө өсгөх хэрэгсэл төдийгүй сул мөнгө олох арга болгоод байсан нь одоо тодорч байна. Хотын хуучин удирдлага дүүрэг бүрт байсан ТҮК-иудыг хувьчилсан нь ажил сайжруулах бус харин ч монополь, ямар ч хяналт, хариуцлагагүй бүтцийг үүсгэжээ. ТҮК нэртэй мөнгөний машинууд жилд орон сууцны айлуудаас 200 сая, гэр хорооллын айлуудаас мөн 200 сая төгрөгийг хог зайлуулсан хөлс гэж шаардаад авчихдаг. Дээр нь төсвөөс 4,5 тэрбум төгрөг авдаг хирнээ хотын гудамж хогтой хэвээрээ үлддэг байсны нууц нь хяналтгүй, өрсөлдөөнгүй болгосонд л байжээ.

Э.Бат-Үүл баатраар удирдуулсан хотын шинэ Захиргаа хог хаягдлын менежментэд өрсөлдөөнийг бий болгохоор тендер зарлаж 14 компани шалгаруулснаар үр нь шууд гарч эхлэв. Нээлттэй, чөлөөт өрсөлдөөн ямагт үр дүн авчирдаг жам ёсоор өдөрт 1500 тонн хог төвлөрсөн цэг дээр буулгадаг байсан нь эрс өсч 2700 тоннд хүрчээ. Зөв өрсөлдөөний ачаар хог тээвэрлэх эрх авсан компаниуд одоо ачих хог хайж явдаг болсон. МАН-ын дүүрэг, хороон дарга нарын орлогын эх үүсвэр хумигдаж байгаа ч гэр хорооллын гудамж цэвэр цэмцгэр болж байгаа нь гол үр дүн ! Сэтгэл байхад хог ч алга болдгийн жишээ энэ. Удахгүй МАН-ын дарга нарын хуримтлуулсан хур хог ачигдаж дуусна. Хог тээвэрлэх компаниудын өрсөлдөөн үргэлжлэнэ.  Нийслэл хоггүй гудамжтай болно. Мөрөөдөл биелнэ.  

Сэтгэлтэй хүмүүсээр удирдуулсан цагт мөрөөдөл мөнгө болно

МАН-ын Засгийн газрууд иргэдэд хямд нүүрс хүргэх талаар хэзээ ч бодож байсангүй. Харин ч нүүрсний уурхайн газраас өөрсдийн мэдэлд авахаар улайран зүтгэдэг байжээ. МАН-ын Хотын дарга нар хогийг бүрмөсөн арилгахыг мөрөөдөж байсангүй. Энэ нь тэдний орлогод нөлөөлөх гээд байсан хэрэг. Одоо энэ бүхэн ард хоцорлоо. Урьдын юм ул болж шинэ Засаг зул болох цаг ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар, хотын Шинэ захиргаа иргэдийн мөрөөдлийг эн тэргүүнд биелүүлэхээр сэтгэл гарган зүтгэж байна. Одоо л тэдэнд олуулаа сэтгэлийн дэм өгөх, урмаар тэжээх цаг ирж байна.

Олуулаа дэмжье, олуулаа хөгжье

Г.МӨНГӨНЧИМЭГ

/Төлбөртэй нийтлэв/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж