
Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчуулж, автомашинуудыг улсын дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах шинэ горимд шилжсэнээр ачаалал 20 хувиар буурсан. Нийслэлийн ИТХ, Засаг даргын шийдвэрээр нийтийн тээврийг хөгжүүлэх, менежментийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогыг Азийн хөгжлийн банк өндрөөр үнэлж оны шагналаа хүртээжээ. Азийн хөгжлийн банктай хамтран нийтийн тээврийг сайжруулах төслийн хүрээнд Улаанбаатар хотод тусгай замын автобус төслийг амжилттай хэрэгжүүлж, нийтийн тээврийн менежментийг сайжруулж байгаа хотын 2012 оны тэргүүн шагналыг Улаанбаатар хүртлээ. Шагналыг энэ сарын 8-нд Манила хотноо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гардаж авлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.