Д.Нацагдоржийн уламжлал буюу Б.Золбаярын өгүүллэгүүд

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Д.Нацагдоржийн уламжлал буюу Б.Золбаярын өгүүллэгүүд

“Фу” буюу “Яруу өгүүллэг” хэмээх нэгэн зүйл нангиадын эртний уран зохиолд бүр Х зууны үеэс бий болсон агаад энэ нь ямар нэгэн юмыг үргэлжилсэн үгийн хэлбэрээр, гэхдээ шүлэг найраг шиг тодорхой хэмнэл гишгэдэлтэй, өгүүлбэр, хэсгийн доторх үг үеийн тоо тэнцүү, толгой, сүүл холбосон, уран яруу үгс хэлхэж, утга төгс, тансаг сайхан найруулан бичдэг нэгэн өвөрмөц төрөл юм. Ийм төрлийн зохиолыг уншихад хэдийгээр тодорхой үйл явдал гарах боловч хурц тод биш, адал явдал, эс бөгөөс эмгэнэл, хошигнолын аль аль нь байхгүй, эхнээсээ дуустлаа нэг л түвшинд уянгалан хүүрнэсээр төгсөх бөгөөд, үгийн сэцэн, найруулгын урнаар уншигчийг ховсдон хөтөлсөөр зугуухан жаргаадаг өвөрмөц онцлог буй нь гойд ялгаран ажиглагддаг юм.

Уран зохиолын энэ төрлийг оросоор “Стихотворение в прозе”, “Поэма в прозе” гэж, англиар “Prose poem” гэж орчуулсан байдаг нь орчин үеийн богино хэлбэрийн хүүрнэл зохиол болох “Рассказ”, ”Novella”, дорно дахины “Сяошүө” зэргээс өөр зүйл болохыг нь зааж байгаа хэрэг. XIX зууны дунд үед Францад үүсч, Европын утга зохиолд дэлгэрсэн энэ төрөл Азид бол бүр эрт бий болсныг дээр дурдсан билээ. Манайхан үүнийг “Үргэлжилсэн үгийн яруу найраг”, “Хүүрнэл яруу найраг”, “Өгүүлэлт шүлэг” гэх зэрэг янз бүрээр нэр оноохыг оролдсон ч өнөө хэр нь нэг мөр тогтоогүй байна. Харин үүнийг өгүүлэгч, богино өгүүллэгийн энэ төрлийн бүхий л шинж чанарыг нь үндэслэн “Яруу өгүүллэг” гэсэн нэр оноох саналтай байгаагаа урьд өмнө утга зохиолын судлаач шинжээчид, нийт зохиолч, яруу найрагчдад сонордуулж байсан билээ. Энэ бүхэн бол сонгодог зүйл. Тэгвэл орчин үеийн сонгодог гэдэг ойлголт бас бий.

Манай шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлээс тодхон үзэгддэг. Тухайлбал “Шувуун саарал”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Адууны манаанд”, “Өвлийн шөнө”, “Уул усны охин”, “Хаврын сайн өдөр” зэрэг яруу тансаг хэл найруулгатай өгүүллэгүүд нь уншихад эгээ л яруу найраг мэт эгшиглэнтэй сонсголонтой байдгийн дээр доош нь цувуулан өрж хайрцаглах боломжтой, чингэхүл өгүүлбэр хэсгийн доторх үг үеийн тоо тэнцүүхэн, зарим газраа толгой, сүүл холбосон, зохист аялгуу бүхий гишгэдэл хэмнэлтэй байдаг нь ажиглагддаг. “Хуучин хүү”, “Соёлыг гайхав”, “Харанхуй хад”, “Хөгжмийн эгшиг”, “Цагаан сар ба хар нулимс” зэрэг олон өгүүллэгт нь ийм шүлэг найраг мэт яруу сайхнаар дүрслэн зурагласан хэсэг арвин бий. Энэ тухай би хэдэн жилийн өмнө “Д.Нацагдоржийн өгүүллэгүүд Яруу өгүүллэг болох нь” гэдэг өгүүлэл бичиж нийтлүүлсэн билээ.

Харин Д.Нацагдоржоос өөр яруу өгүүллэг бичиж байсан хүн манай утга зохиолд алга бололтой. Ямарч байсан орчин үеийн утга зохиолд. Яагаад ингэж хэлж байна вэ? гэвэл их Нацагаас бүр өмнө энэ төрөл зүйл Монголын утга зохиолд байсан юм. Бүр тодруулвал аль XIII зууны үед Монголын Юань улсын төрд зүтгэж асан манай бичгийн мэргэд, түшмэд сайд нарын дунд хятад хэлээр бичсэн ийм төрлийн зохиол бүтээл нэлээд байдаг, хожуу үеийн бичгийн мэргэд, сэхээтнүүдийн бүтээл туурвилд ч байдаг. Харин тэдгээрийг өнөө хэр нь судалж шинжилсэн юмгүй, тэр ч бүү хэл орчуулж монголчлоогүй л байна.

Одоо тодорхой жишээн дээр тогтож ярилцья. Юуны өмнө “Шувуун саарал” хэмээх алдарт зохиолоос иш татья: “Хөндий талын зэрэглээ мяралзан жирвэгнэх нь холоос үзэхүйеэ сонин. Хэдэн жижигхэн юм түүний дотор сүүмэлзэх нь яахин даруй танигдана. Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл. Хурдан морины ирэлзэн ирэх эр хүний бахдал. Ойртон үзвээс хэдэн залуус морь тарлаж буй…” гэсэн уг өгүүллэгийн эхний хэсгийг одоо Яруу өгүүллэгийн зарчмаар өрж хайрцаглаж үзье:

Хөндий талын зэрэглээ
Мяралзан жирвэгнэх нь
Холоос үзэхүйеэ сонин.
Хэдэн жижигхэн юм
Түүний дотор сүүмэлзэх нь
Яахин даруй танигдана.
Уудам газар дураар сэлгүүцэх
Хээр хөдөөгийн цэнгэл.
Хурдан морины ирэлзэн ирэх
Эр хүний бахдал.
Ойртон үзвээс хэдэн залуус
Морь тарлаж буй…
    
Эндээс үзэхэд зохиолын энэ хэсэг яруу найргийн өрж хайрцаглах хэлбэрт чөлөөтэй шилжиж байна. Энэ зохиол бүхэлдээ Яруу өгүүллэгийн бахдам жишээ юм. Тэгвэл “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгт ийм хэсэг бий:

“Хөдөө талын зэрэглээ мяралзан жирвэгнэхийн дунд хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь харь газрын аяны хүний нүдэнд яахин даруй танигдана. Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс намрын салхи хүчтэй үлээхэд хоёр нүдэнд нулимс гялтганан холын барааг харж ядна… Сүлжилдэн давхилдах хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь миний сэтгэлийг даруй бахдуулж, Санбэйсийн морины сайхан нь миний дурыг хөвсөлзүүлэн хөдөлгөнө. Монгол газар минь уужим юм аа, маш сайхан морьтой юм аа. Морио унаад давхихад манай цог заль сэргэнэ…” Энэ хэсгийг шүлгийн хэлбэрт оруулан хайрцаглаж үзье:

Хөндий талын зэрэглээ
Мяралзан жирвэгэнэхийн дунд
Хэдэн өндөр юм сүүмэлзэн үзэгдэх нь
Харь газрын аяны хүний нүдэнд
Яахин даруй танигдана.
Хурдлан довтлох уурын тэрэгний өмнөөс
Намрын салхи хүчтэйгээр үлээхүйд
Хоёр нүднээ нулимс гилтгэнэн
Холын барааг харж ядна…
Сүлжилдэн давхилдах
Хөдөөгийн хүмүүсийн цэнгэл нь
Миний сэтгэлийг даруй бахдуулж,
Сан бэйсийн морины сайхан нь
Миний дурыг хөвхөлзүүлэн хөдөлгөнө.
Монгол газар минь уудам юм аа.
Маш сайхан морьтой юм аа.
Морио унаад давхихуйд
Манай цог заль сэргэнэ…

гэх мэтээр өрж хайрцаглахад энэ өгүүллэг бас л яруу найраг мэт донжтой сайхан болж байна. Энэ өгүүллэгийн хамгийн яруу дүрслэл нь монгол хүн бүрийн сайн мэддэг дараах хэсэг мөн:

“…Ташаа нь тэвхийж хавирганы яс нь зурайсан ялгуун саарал морь тогтож ядан, гоо сайхан дөрвөн хөлөөрөө ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш сэжихүй нь агаарт дэгдэж, үүлэнд умбан алдах боловч  дээр нь унасан үзэсгэлэнт охин  ажиггүй суун өгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь бага хүүхдийн мэт хөнгөмсөг эевэргүү, хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан үе үе инээмсэглэн мишээх нь хаврын улирал ирж буй адил бахтай. Эелдэг түүнийг үнсэж шимбээс ханашгүй биз ээ…”

Ташаа нь тэвхийж
Хавирганы яс нь зурайсан
Ялгуун саарал морь тогтож ядан,
Гоо сайхан дөрвөн хөлөөрөө
Ээлжлэн газар цавчилж,
Уран сайхан толгойгоо
Ийш тийш сэжихүй нь
Агаарт дэгдэж,
Үүлэнд умбан алдах боловч
Дээр нь унасан үзэсгэлэнт охин
Ажиггүй суун өгүүлэлдэх бөгөөд
Үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлах нь
Бага хүүхдийн мэт хөнгөмсөг эевэргүү,
Хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шүдээ
яралзуулан
Үе үе инээмсэглэн мишээх нь
Хаврын улирал ирж буй адил бахтай.
Эелдэг түүнийг
Үнсэж шимбээс ханашгүй биз ээ…

Орчин үеийн Монголын утга зохиолд Д.Нацагдоржоос өөр ингэж яруу өгүүллэг урлан бүтээсэн хүн өөр гараагүй өнөөг хүрчээ. Аргагүй л авьяас билэг, ур чадвар, уйгагүй хичээл зүтгэл шаардах нарийн чамбай хийц болохоор баргийн хүн барьж авч барахгүй байсан буй заа. Тийн их Нацагаас хойш наян жил өнгөрч атал яруу өгүүллэг мэндэлсэн тухай баярт мэдээ сонсоддог ажээ. Б.Золбаярын шинэ номуудын талаар үгээ хэлсэн Д.Цоодол, Дан.Нямаа, Ж.Нэргүй нарын үзэг нэгт нөхөд түүний эсээнүүдийн уран яруу, тансаг сайхан хэллэг найруулгыг магтан дуун алдах нь анхааралд өртөж, Б.Золбаярын “Бүлээн”, “Бүтэн” зэрэг надад мутраа дарж өгсөн хэдэн номыг нь эргэн үзэж, шинэхэн хэвлэгдсэн “Бүгээн” номыг нь дэлгүүрээс авч “Намар ай”, “Хавар ай” эсээнүүдийг нь судлан шинжлэв.

Одоо тэдгээрээс ишлэн үзье. “Хавар ай” эсээнд нь ийм хэсэг бий: …Уул талын цас хайлна. Ар сэрвэн, хяр хэцийн цас бүргэдийн зогдор шиг үлдэнэ. Сэр бар бараан адуу цасны нааханатай. Хэний адуу бол гэж худаг дээрээс хүмүүс дурандана. “Хэн юм бэ, чиглээд давхичихлаа, унаагаа юүлэх нь” гэж ярилцана. Дөргөн нуур гялалзан мөстөж харагдана. Дүлий хүн сонсмоор их чимээтэйгий нь… гэж тэндээс ирсэн хүн ярьна. Хагарч цуурч байгаа нь тэр юм гэнэ лээ. Хажууханд нь байгаа мөртлөө Цээлийн эндээс сонсогдохгүй юм. Харагдах нь ойрхон, ч хол л байх юм даа…

Энэ хэсгийг шүлгийн хэлбэрт оруулж доош нь шадлан жагсаая:

Уул талын цас хайлна.
Ар сэрвэн, хяр хэцийн цас
Бүргэдийн зогдор шиг үлдэнэ.
Сэр бар бараан адуу цасны нааханатай.
“Хэний адуу бол” гэж
 Худаг дээрээс хүмүүс дурандана.
“Хэн юм бэ, чиглээд давхичихлаа,
Унаагаа юүлэх нь” гэж ярилцана.
Дөргөн нуур гялалзан мөстөж харагдана.
Дүлий хүн сонсмоор их чимээтэйгий нь гэж
Тэндээс ирсэн хүн ярьна.
Хагарч цуурч байгаа нь тэр юм гэнэ лээ.
Хажууханд нь байгаа мөртлөө
Цээлийн эндээс сонсогдохгүй юм.
Харагдах нь ойрхон, ч
Хол л байх юм даа…

Болж байна гээч! Болохоор барах уу, бүр гайхалтай сайхан болж байна. Цааш нь үргэлжлүүлье: …Гандñан уулс салхин шанхтай. Ганга хунхын цас чимээгүйгээр хайлна. Гантай зун боловч цэцэг нэгэн ургахаар шингүүр авна. Гархи зоос гээгдсэн мэт даваа гүвээнээс гялбалзана. Дов ширэг боролзон борлоно. Тойроод хялман хялман шар устана. Намар мөсөнд дарагдсан даавууны өөдөс хөвнө. Гар ээвэрлэж усхан нь ууршихаар намуухан хуйнд дэрвэн одно…

Гайхалтай уран яруу дүрслэл! Одоо энэ хэсгийг шүлгийн хэлбэрт оруулж доош нь шадлан жагсаавал:

Гандñан уулс салхин шанхтай.
Ганга хунхын цас чимээгүйгээр хайлна.
Гантай зун боловч
Цэцэг нэгэн ургахаар шингүүр авна.
Гархи зоос гээгдсэн мэт
Даваа гүвээнээс гялбалзана.
Дов ширэг боролзон борлоно.
Тойроод хялман хялман шар устана.
Намар мөсөнд дарагдсан даавууны өөдөс хөвнө.
Нар ээвэрлэж усхан нь ууршихаар
Намуухан хуйнд дэрвэн одно…

Гайхамшигтай! Зүгээр л гайхамшигтай! Өөр хэлэх үг, үнэлэх дүгнэлт алга. Тийм ээ, энэ бол жинхэнэ Яруу өгүүллэг, тэгэхдээ бүр хорин нэгдүгээр зууны Монголын утга зохиол дахь орчин үеийн Яруу өгүүллэг мөн авай. Энэхүү “Хавар ай”, “Намар ай” гэсэн хос бичвэр нь их Нацагийн суут туурвилуудтай агаар нэгэн агаад бүр эртний Монголын хараахан орчуулагдаж амжаагүй байгаа тэдгээр хэмээх яруу өгүүллэгийн нэгэн зүйлстэй ч агаар нэгэн буюу. Дээдсийн ур ухаан, ид хав шингэсэн тэдгээр яруу өгүүллэгийг монгол уншигчид хэзээ эх хэлээрээ олж үзэж, хэдэн зууны тэртээх гайхамшигт яруу бичлэгт нь автан бахархах бол доо.  

Одоо “Намар ай”-гаас ишлэе: Ар хэцийн цас мөстөж талстëаад сондоршино. Алтан шарыг тунаруулсан уясуу өнгөөр уулс дүнсийнэ. Айл гэрүүд толгод тэнжид танантана. Ах дүү, зочин гийчин хэдийн одож, аглагийн чимээ алдрах аниргүй уйтгарлаг ноёлно. Агь тааны анхи сэнхэт салхин аяс аяс, хүүс хүүсхэн…

Ар хэцийн цас
Мөстөж талстëаад сондоршино.
Алтан шарыг тунаруулсан уясуу өнгөөр
 Уулс дүнсийнэ.
Айл гэрүүд толгод дэнжид танантана.
Ах дүү, зочин гийчин хэдийн одож,
Аглагийн чимээ алдрах аниргүй
 Уйтгарлаг ноёлно.
Агь тааны анхи сэнхэт салхин
Аяс аяс, хүүс хүүсхэн…

…Шанд булгийн усан хүйтэн болроор тунгалагшина. Сайр дэвсгийн бэл дэх урсаа толь мэт үзэгдэнэ. Санаа алдаж хэн нэгнийг үгүйлэхийн үест өөрийгөө үзэж, хөвөөнд нь суумаар санагдана. Сарын саруулханд бөхөнгийн сүрэг усанд орно. Салаа турууны нь үзүүрээр цавчигдсан горхийн дуслууд самарч шидсэн болор үрлийн адил. Сар одонд мөчөөрхсөн газрын очис мэт…

Шанд булгийн усан хүйтэн болроор тунгалагшина.
Сайр дэвсгийн бэл дэх урсаа толь мэт үзэгдэнэ.
Санаа алдаж хэн нэгнийг үгүйлэхийн үест
Өөрийгөө үзэж, хөвөөнд нь суумаар санагдана.
Сарын саруулханд бөхөнгийн сүрэг усанд орно.
Салаа турууны нь үзүүрээр цавчигдсан горхийн дуслууд
Самарч шидсэн болор үрлийн адил.
Сар одонд мөчөөрхсөн газрын очис мэт…

…Үдшийн хүүш сүүдэр өрөм загсахаас урьтаж анина. Үнсэн зогдорт саарал тогоруу өвс шилбэдэж явгална. Өглөө сөхөж эврээсэн аргал үл мэдэг чийг зуугаад хатна. Өндөр хөх онын оройд өдөн манан лэглийнэ. Өртөө газрын чанадад нарны үзүүр алтлана. Өгсөж уруудсан морин зам өөдөөс ирэх гэгээн зөнтэй. Өвөлжөөний чигтэй тодсосхийжээ. Өвлийн пинд өнжөөсөн цайны идээшихийг яана. Өрөìтөж шаргалтаад даргилна. Үзүүрсгэн дээл өмсөлгүй өвөлжчихнө дөө гэж өвгөдийг аагирхуулна. Өíө мөдгүй өвөл ирнэ. Өнөө энүүхнээр зуссан өнчин цагаан ишгэнд л элгэвч нэмнээ тустай даа…

Үдшийн хүүш сүүдэр өрөм загсахаас урьтаж анина.
Үнсэн зогдорт саарал тогоруу өвс шилбэдэж явгална.
Өглөө сөхөж эврээсэн аргал үл мэдэг чийг зуугаад хатна.
Өндөр хөх онын оройд өдөн манан лэглийнэ.
Өртөө газрын чанадад нарны үзүүр алтлана.
Өгсөж уруудсан морин зам өөдөөс ирэх гэгээн зөнтэй…

Энэ хэсгийг үүнээс бас өөрөөр, бүр жижиглэн шадалж болох төдийгүй, чингэлээ гэхэд толгой, сүүл холболт жигдхэн ижилхэн, мөр шадын доторх үг, үеийн тоо тэнцүү, хэмнэл гишгэдэл, аялга цохилго найрсуу найралтай ажээ:  

Үдшийн хүүш сүүдэр
Өрөм загсахаас урьтаж анина.
Үнсэн зогдорт саарал тогоруу
Өвс шилбэдэж явгална.
Өглөө сөхөж эврээсэн аргал
Үл мэдэг чийг зуугаад хатна.
Өндөр хөх онын оройд
Өдөн манан лэглийнэ.
Өртөө газрын чанадад
Нарны үзүүр алтлана.
Өгсөж уруудсан морин зам
Өөдөөс ирэх гэгээн зөнтэй…    

Хавар, намрын тухай түүний эл хоёр яруу өгүүллэгийг уншиж байхад бас Д.Нацагдоржийн “Жилийн дөрвөн улирал” алдарт дөрвөл шүлэг санаанд орж:

Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар,
Монголын сайхан оронд жил жил дэлгэр…

хэмээн яруу дуурьсах шиг болном. Тэр жишгээр Б.Золбаяр энэхүү цувралаа үргэлжлүүлэн “Зун ай”, “Өвөл ай” хэмээх гайхамшигт яруу өгүүллэгүүд мэндлэх болтугай!

2004 онд др.Ч.Билигсайхан түүний “Бүтэн” номонд хийсэн өмнөтгөлдөө: “Энэ номд залуу уран бүтээлчдэд түгээмэл байдаг үгийн “нүдийг” бүрэн олоогүй гэм байна. Сэтгэл бодолд үерлээд байгаа сайхан санаа бодол яг түүнд тохирсон сайхан оновчтой яруу илрэн гарч бүрэн чадаагүй болов уу гэх хэсэг ч тааралдаж байна. Энэ бүхэн бол урлан бүтээх, ухааран гүнзгийрэх, уран бүтээлчийн эрийн цээнд хүрэх явцад төгөлдөржиж ирдэг зүйлс…” гэж бичиж байжээ. Харин арав шахам жилийн дараах өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад утга зохиолын нэрт шинжээчийн маань олж харсан тэр л дутууг Б.Золбаяр нөхөж чадаад, уран яруу найруулга дүрслэлийн инжаан болтлоо өсчээ. Тийм ч учраас Ч.Билигсайхан доктор саяхан түүний эсээнүүдийн тухай бичсэн “Эрдэнэ нуусан ухаан буюу Золбаярын монгол ухаан” өгүүлэлдээ ”Намар ай” бүтээлийнх нь тухай: “…Яах аргагүй хүүрнэл яруу найраг, тэгсэн атлаа ямар нэгэн хэмжээ хэмнэлд баригдаагүй, утгын урт, уран ухаалаг утсанд хэлхэгдсэн гоо цогцос…” хэмээн шинэ үнэлгээ өгчээ. Энэ үнэлгээндээ доктор уг бүтээлийг хүүрнэл яруу найраг гэж нэрлэсэн нь харагдана. Энэ өсөлт бол уран бүтээлч залуу хүний, ер нь аливаад тэмүүлсэн ямарч салбарын хүний хамгийн гол чухал шинж чанар мөн. Тэгэхгүй бол хэнбугай ч зэвэрдэг, хоцрогддог жам бий. Б.Золбаяр түүнээс ангид байж чадсанд л түүний, өөрийгөө олсон олз, аз, уран бүтээлийн замналын зураг төөрөг оршном.    

Би энэ удаад түүний сүүлийн үеийн бүх уран бүтээлийг бүхэлд нь авч үзэхийг зорьсонгүй, харин түүний уран бүтээлээс хурц тод гялалзан харагдсан энэ л төрөл зүйлийг нь сонгон авч өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгөхийг хүссэн юм. Үнэхээр ч эртний Монголын утга зохиолд байсан, байгаад мартагдсан тэр сайхан төрөл зүйлийг Б.Золбаяр ийнхүү гарган ирж байгаад машид олзуурхнам. Одоогоор түүнд ийм Яруу өгүүллэг дээр дурдсан “Хавар ай”, “Намар ай” хоёр байгаа аж. Бусад бүтээлд нь ийм уран яруу дүрслэл, тансаг сайхан найруулга бүхий хэсэг бүлэг олон бий ч, тэдгээр нь бүхэлдээ эсээ гэдэг төрөлд хамаарах юм. Иймд цаашид яруу өгүүлэгийнхээ тоог улам олон болгож, Монголын утга зохиолын ертөнцөд үзэгдэл болгон гаргаж ирээсэй гэж хүсч байна. Утга зохиолд шинэчлэл хийх, үзэгдэл болох нь амаргүй, тэр болгон уран бүтээлчдэд заяадаг хувь тавилан биш ээ. Өнөөдөр манай яруу найрагт Б.Галсансүх шинэчлэл хийж, үргэлжилсэн үгийн салбарт Б.Золбаяр үзэгдэл болох тийм цаг үе тохиож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй ээ.  

Эцэст нь хэлэхэд Б.Золбаяртаа энэ ховор нандин авьяасаа улам хурцлан ирлэж, улам чамбайруулан нарийсгаж, олон олон гайхамшигт Яруу өгүүллэг туурвин уншигч түмэндээ хүргэн цэнгүүлэхийн өлзийтэй ерөөл талбияа. Утга зохиолын энэ торгон нандин төрөл зүйлийг гарган ирж, бие даасан, үзэгдэл болсон төрөл зүйл болгохын төлөө тууштай явж, Д.Нацагдоржийн “Шувуун саарал” гэдэг шиг Б.Золбаярын… гэсэн олон сайхан Яруу өгүүллэгийг уншигч бидэн ахин дахин олж үзнэ гэдэгт итгэнэм. Тэр цагт яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйн дуун алдсанчлан: “Энэ залуу тун удахгүй яруу бичлэгийн мастер болно оо” гэдгийг арай ахимаг насны бидэн нь зарлах цаг ирнэ ээ.”                

Хэлбичгийн ухааны доктор (Ph.D.) Я.ГАНБААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж