”МТЗ”-ын гурван зүтгүүрийг барьцаанаас чөлөөлж өгөөч

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

”МТЗ”-ын гурван зүтгүүрийг барьцаанаас чөлөөлж өгөөч

Шинэчлэлийн Засгийн газар МАН-ын Засгийн газартай тооцоо бодож эхэллээ. Ингэснээр тухайн үеийн Засгийн газар, УИХ-ын тогтоолын биелэлтийг шүүрдэн нягталж, алдааг нь засаж  явахыг хичээж байгаа бололтой. Энэ бол төрийн сүлд бүхий албан бланкан дээр бичсэн  бичиг бүхэн бодит ажил хэрэг болох цаг ирснийг харуулж буй хэрэг.

Зөвхөн нэг жишээ татъя. Засаж залруулах зайлшгүй шаардлагатай эхний асуудал нь Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 9-ний 161 дүгээр тогтоол. Уг тогтоолоор Сайншандаас Тавантолгой чиглэлд 225 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Монголиантранс Лайн” ХХК-д, Ухаахудаг-Тавантолгой-Сайншанд чиглэлд 225 км төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Дэд бүтцийн хөгжил” ХХК-д, “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Энержи Ресурс Рэйл” ХХК-д олгосон. Мөн уг тогтоол гарсантай холбогдуулан “Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгох тухай” Засгийн газрын 252 дугаар тогтоолоо хүчингүй болгож “Төмөр замын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2012 оны гуравдугаар сарын 27-ны 93 дугаар тогтоолд “косметик өөрчлөлт” хийжээ. Уг тогтоолын 5-д заасан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.2-т заасан эхний үе шатанд барих маршрутад засвар хийж өөрчлөөд зогсохгүй Засгийн газрын 2010 онны 198 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-ын 94-т “Уралдаант шалгаруулалт явуулах “ гэснийг “Шууд гэрээ байгуулах” гэж өөрчилсүгэй хэмээжээ.

Гэнэтийн энэхүү шийдвэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг ч зөрчсөн гэдгийг тухайн үед манай сонинд мэдээлж байсан боловч хэн ч тоогоогүй. Тухайлбал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны есдүгээр сарын 9-ний 35/32 тоот зөвлөмжийн 1.3-т “УИХ-ын 2010 оны 32 тоот тогтоолоор баталсан “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын 3.2.2-т заасан эхний үе шатны төмөр замын суурь бүтцийг мөн бодлогын 3.2.4-т заасан хоёр дахь шатны төмөр замын суурь бүтцийн хамт 2013 онд багтаан ашиглалтад оруулахыг зөвлөсөн байдаг. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэхүү шийдвэрээ гэнэт өөрчилж 2012 оны гуравдугаар сард гаргасан шийдвэртээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмжийн 1.3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хү¬рээнд Сайншанд- Тавантолгой- Ухаахудаг- Гашуунсухайт, Сайншанд-Хөөт-Чойбалсан чиг­лэлийн төмөр замыг нэгдсэн сүлжээ болгох зорилгоор суурь бүтцийн барилга угсралтын ажлын концессыг шууд гэрээний үндсэн дээр олгож 2012 оны эхний хагас жилд багтаан эхлүүлэх” хэмээн өөрчилсөн байгаа юм.

Ингээд 2012 оны эхний хагас жил буюу УИХ-ын сонгуулиас урьтаж Ухаахудагийн төмөр замыг барих ажлыг концессийн шууд гэрээгээр яаран сандран Ухаахудагт олгож байжээ. Харин одоо байдал өөр болсон. Бүх зүйл зүй тогтлын дагуу явах ёстой. Өөрөөр хэлбэл нэгдүгээр шатыг нь барихгүйгээр хоёрдугаар шатны төмөр замыг барих боломжгүй. Ийм төмөр зам хэнд ч ашиггүй. Тиймээс өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрын 121 дүгээр тогтоол батлагдан гарав. Ингэснээр 2010 оны арваннэгдүгээр сарын 3-нд гарсан Засгийн газрын 283 дугаар тогтоол хэрэгжих үеэрээ хэрхэн завхарсныг засаж 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд 121 дүгээр тогтоол болон албан ёсны болж Зам, тээврийн яаманд хүргэгдэн ирж байна гэсэн үг. Хоёр жилийн дотор “зовлон” үзэж, золбирч тэнэж явах хугацаанд бид юу алдав. Нүүрсээ хямд үнээр Хятад руу гаргасаар байв. Хятадаас өөр зах зээлийн гарцгүй учраас худалдан авагч тал экспортын хэмжээгээ багасган монголчуудыг “чадаж” төсвийн орлогыг нь бууруулсан. Нэг улсаас, нэг компаниас хамааралтай зах зээл ийм л хор уршигтай.

Одоо бүх зүйл цэгцэрч төмөр замаа хэн, яаж барих нь тодорхой боллоо. Төрийн тогтоол, шийдвэр бүхэн албажаад зохих газартаа ирчихлээ. Харин одоо хөрөнгийн асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай. Тухайн үед буюу 2011 оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар төсөвт 2011 онд шаардлагатай 55 сая ам,долларыг олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2012 он дуусахад ганцхан сарын хугацаа үлдчихээд байхад нэг төгрөг ч “Монголын төмөр зам” компанид ирээгүй байна. Тэр ч байтугай байгаа хөрөнгө болох гурван зүтгүүрээ барьцаалж “Хаан” банкнаас таван сая 650 мянган ам.доллар авч Монголын үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээнийхээ техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хийлгэсэн байдаг. Хэрэв тэр үед зориг гаргаж ийм алхам хийгээгүй бол одоо л дөнгөж  нэгдсэн төмөр зам барих нь яавал ашигтай байх вэ гэдгийг мэдэхийн тулд ТЭЗҮ хийлгэх гээд явж байх байсан биз. Тэгсэн хэрнээ Засгийн газар, УИХ-ын зүгээс “Монголын төмөр зам” компанийнхантай уулзах бүртээ “Төмөр зам хаана байна” гэж асуудаг шүү дээ. Энэ нь угтаа мах, гурил ч өгөөгүй байж “Хоол хаана байна” гэж хашгичих урагшгүй гэрийн эзнийг санагдуулна. Тиймээс төмөр замтай болохыг хүсэж байгаа бол хөрөнгийн асуудлыг нь яаралтай шийдэх, ядахдаа гурван зүтгүүрийг нь банкны барьцаанаас чөлөөлөх шаардлагатай байна. “Шинэ төмөр зам” төслийг хийхэд олон компани геологи, геодези, зураг төсөл, судалгааны ажил гүйцэтгэж тусалсан байдаг. Тэд ч өнөөг хүртэл Монгол Улсыг төмөр замын нэгдсэн магистралтай болгох, далайд гарцтай болж хөгжөөсэй гэсэндээ тодорхой хэмжээгээ хөрөнгө санхүүгээр хохирчихоод байгаа. Үүнийг төр арилгаж арчаагүй байдлаасаа гарах ёстой. Өөрөөр хэлбэл аливаа улс хүч, хөрөнгө хаяж байж хөгждөг болохоос биш иргэд, аж ахуйн нэгжүүдээ хохироож хөгждөг байх учиргүй.

У.ОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж