Одоогоос 70 гаруй жилийн тэртээ тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар хөдөлмөрий лагерь маягийн хот бэлэглэсэн нь Улаанбаатар хот. Бүх зүйлийг нь тэр үедээ л тохирсон стандартаар барьж, байр барилгын ажлыг цаг тутам явуулж байсан нь суурин газрын соёл тэр бүр суугаагүй байсан Монголчуудад сонин, содон байсан нь лавтай. Гэхдээ 1980-аад оны эхээр социалист систем ганхаж байсан тэр үеэс эхлэн их хот хэмээх том цаг зогссон юм. Ах нараас илгээсэн инженерүүдээр удирдуулж байсан их ажил зогсч, бүх зүйл бидний толгой дээр ирсэн билээ. Удалгүй ардчиллын салхи сэвэлзэж хувийн хэвшил гэх цоо шинэ тогтолцоо бий болж, энэ тогтолцоонд барилгын салбарынхан цөн түрэх боломж бүрдсэн юм. Хэдийгээр бид барилгажилтыг эхлүүлж, хувийн хэвшлийнхэн гол тоглогч нь байх боломжийг бүрдүүлсэн ч нэг л болж өгсөнгүй. Их хотын гэх шинж тэмдэг нэг л бүрдэж өгсөнгүй. Арга ч үгүй юм. Төлөвлөлт гэх айхтар зүйлийг мөрдөлгүйгээр багтах бүхэнд нь овоолж, зөвшөөрөл гэх юм гарын салаагаар урсч байсан юм чинь. Нэгэнт төлөвлөлт байхгүй юм чинь бодлого ямар байх нь тодорхой. Хэдийгээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гэсэн том зорилтыг арав гаруй жилийн өмнө дэвшүүлсэн ч хэрэгжилт нь хариултаа нэхсэн хэвээр…
Угтаа өмнөх 20 жилийн хотын удирдлагуудын бодлого гэхээс илүү хувийн компаниудын бизнесийн санаа л хөгжүүлсэн гэхэд хилсдэхгүй. Тэд ямар нэгэн аргаар хотын удирдлагаас газар батлуулж, тэр газар нь өдгөө бидний шагшин магтаад буй өндөр барилгууд боссон гэдэг нь “нүцгэн үнэн”. Бодлого гэх юм бараг үгүй шахам нийслэлд үүнээс өөр сонголт байсан гэж үү?
“Хотын дарга болсноос хойш би нэг айхтар зүйлийг олж харлаа. Ажил эхлүүлэх гэж ирж байгаа хүмүүс гэм хийсэн хүүхэд шиг хаалган дээр зогсч байгаа явдал. Уг нь бол тэд бидэн дээр дарга нь юм шиг ирэх ёстой шүү дээ. Ямар нэгэн зүйл гуйсан хүмүүс тун чиг их. Бид бол үйлчилгээний хүмүүс. Хотыг хөгжүүлэх гэж шинэ санаа өвөртлөөд ирж байгаа хүмүүсд бид тэгж муухай хандаж болохгүй” гэж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ярьж байсан юм.
Гэхдээ цаг үргэлж зогссоор байна гэж үү?
Яг одоо бол цаг явж эхэлсэн. Өмнө нь тоотой хэдхэн удаа цохилж, түлхүүрийг хэн эргүүлэх нь тодорхойгүй байсан цаг одоо гүйцэд цохилж эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд дахин газар олгохооргүй боллоо. Илүү гарсан зай болгонд овоол гэдэг бичигдээгүй хууль үйлчилж байгаа энэ хотод үнэхээр нүдээ олсон шийдвэр нь энэ. Иргэд ч үүнд ам сайтай байгаа. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа болохоор алдаа их бий. Гэхдээ зоригтойгоор эхлүүлж чадсан нь сайн хэрэг. Түгжрэл бага ч атугай сайжирч эхэллээ. Том оврын автобуснууд нэгдүгээр эгнээгээр зорчиж, автомашинууд дугаарын ангилалтайгаар хөдөлгөөнд оролцох болсон. Энэ бол дэвшил. Үр дүнд нь том оврын автобуснууд дүүрэн хүнтэй зорчиж, зам тэгнэн зогсч түгжрэл үүсгэдэг байсан нь арилчихаж. Бас л эхлээд удаагүй болохоор алдаа, дутагдал байгаа нь хэн бүхний өмнө ил байна. Эхлүүлсэнд нь бид талархах ёстой. Удахгүй 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлах гэж байна. Үүнийг Японы JICA байгууллагатай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа аж. Төлөвлөгөөг гаргахын тулд мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцахаас гадна иргэдийн санаа бодлыг тусгах юм. Нэг ёсондоо иргэн та бидний үйл хэрэг хамгаас чухал болж байна.
“Том зорилт тавиад түүндээ алхам, алхмаар хүрэх хэрэгтэй. Ийм маягаар тов тодорхой төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлвэл болохгүй гэх зүйл байхгүй. Бид маш олон жил Улаанбаатар хотыг хөгжүүлнээ гэж ярьдаг. Гэтэл яг юуг, яаж, хэн хөгжүүлэх вэ гэдэг нь ерөөсөө тодорхой байгаагүй шүү дээ. Тэдэн жилийн дараа тийм төвшинд хүрнэ ээ гэсэн барьцтай бодлого байгаагүй юм” гэж Э.Бат-Үүл ярьсан юм.
Бидэнд одоо илүү сайн бодлого хэрэгтэй. Үүний тулд иргэдийн санал чухал гэдгийг санахад илүүдэхгүй.
Хотыг хөдөлгөж байгаа амин сүнс нь та, би, чи, бид. Улстөрчдийн моодны үгээр хэлбэл ард түмэн. Тиймээс хотын бүх бодлого иргэдийн санаа бодолд тулгуурласан байвал илүү үр дүнд хүрдэг ажээ. Нэг ёсондоо их хот хэмээх том цагийн түлхүүрийг эргүүлэх эрх нь бидэнд байвал хот илүү хурдацтай хөгждөг байна. Суурин соёл манайхаас хэдэн зуунаар илүү хөгжсөн барууны улсуудад энэ бол нотлох албагүй үнэн.
Нээлттэй Улаанбаатарын эхний шинж тэмдэг ажиглагдаж эхэллээ. Ард түмний үгийг сонсох “Нийслэлийн иргэний танхим” гэгчийг байгуулж сар бүр бидний үгийг сонсч байна. Бас нэгэн чих баясгам мэдээлэл байгаа 2030 он хүртэл хөгжүүлэх хотын ерөнхий төлөвлөгөөнд та бидний хүсэл тусах боломжтой. Өөрөөр сүүлийн хэдэн жил та бид зөвхөн шүүмжилж суусан бол одоо гар бие оролцож, зөвхөн хошуу биш хуруу нэмэх тийм боломж бидэнд ирж байна. Сөүл, Франкфурт гэх мэт олон томоохон хотын хөгжлийн нууц нь иргэдийн чөлөөт оролцоо. Тэр байтугай жилийнхээ төсвийг хэлэлцэхдээ хүртэл ард иргэдээрээ хэлэлцүүлж байж баталдаг аж. “Хотын сүлд нь ч аймаар. Хаалттай хар ордныг харвал бүр ч аймаар”. Энэ нэгэн залуугийн фейсбүүк дэх сэтгэгдэл. Үнэхээр ийм байсан уу гэвэл үнэн. Харин одоо арай өөр имижтэй болох тийм цаг үе ойрхон ирээд байна.
Цаг явж эхэллээ. Өөрийн амьдарч байгаа орчноо, Улаанбаатарын өнгө төрх та биднээс шалтгаалах хэрэгтэй болж. Сүүлийн 20 жилд харагдаагүй энэ тогтолцоо өнөөдөр таны гарт ирээд байна. Амьдарч байгаа орчноос, ирээдүйн амьдралын өнгө шалтгаална гэсэн мэргэн үг бий. Эрхэм уншигч та одоо цонхоороо нэг хар. Юу болохгүй байна.