Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама дахин дөрвөн жил Цагаан ордонд эзэн суухаар боллоо. АНУ-д ерөнхийлөгч гэсэн албан тушаал бий болсноос хойшхи 303 жилийн түүхэн дэх цорын ганц харь арьст ерөнхийлөгч дөрвөн удаа сонгогдсон Франклин Д.Рүүзвель, хоёр удаа сонгогдсон Харри Труман нараас хойш ардчилсан намаас нэр дэвшсэн Барак Обама дахин дөрвөн жил төр барьхаар болов. Энэ бол сүүлийн жилүүдийн хувьд ардчилсан намаас гараагүй том ялалт 303 жилийн түүхэнд өрнөсөн улаан цэнхэрүүдийн тулаанд 18 удаа Бүгд найрамдахчууд, 16 удаа ардчилагчид ялсан байдаг. Үүнээс хамгийн сүүлчийн ялалтыг Барак Обама байгуулсан билээ.
“Хар алмааз”. Энэ хочийг төрөлх Кени улсын хэвлэл мэдээллүүд өгчээ. Яг энэ хочоор орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэл, сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна. АНУ-ын улстөрд хар арьстанууд үүнээс өмнө иймэрхүү ялалт байгуулж байсан нь үгүй. Гагцхүү хүний эрхийн төлөө тууштай тэмцэж байсан Мартин Лютер Кинг л хар арьстануудын бахархал болсоор өдийг хүрсэн билээ. Үүнээс өмнө ерөнхийлөгчийн сонгуульд хар арьстанууд дэвшиж байгаагүй юу гэвэл үгүй. Гэхдээ тэд ногоон нам, либерал намаас эсвэл бие дааж нэр дэвшиж байсан учраас тэр бүр амжилт олдоггүй байсан юм. Хамгийн ихдээ л тэд 4500 хүний саналыг нийт 50 мужаас цуглуулдаг байсан. Яг үүнээс харах юм бол АНУ-ын түүхэнд тодоор тэмдэглэгдэх нэгэн “амжилт”-ын эзэн нь Обама боллоо. Тэр тусмаа ардчилсан намын хувьд энэ бол чухал ялалтын нэг байсан юм.
Обамаг сонгогчдын коллегийн 303 хүний саналыг авч индэр дээрээс ялагчийн илтгэлээ ард олондоо хүргэх хүртэл түүнийг дахин сонгогдоно гэдэгт итгэх хүн цөөн байсан гэхэд болно. Сонгуулийн чимээ наашилж байсан нэг жилийн өмнө бол бүр бодоход ч хэцүү байсан биз. Арга ч үгүй юм АНУ-н гадаад өр европын холбоо болон олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагуудын санаа зовж, ажилгүйдлийн хэмжээ огцом нэмэгдэж, хөрөнгийн зах зээл дээрх америк компаниудын хувьцаа огцом уналтыг үзүүлж байсан болохоор итгэгчдийн тоо буурах нь яалт ч үгүй үнэн. Одоогоос дөрвөн жилийн өмнөхийг сөхвөл бүр хэцүү. Учир нь тэр ерөнхийлөгчөөр сонгогдоод 100 дахь өдрөө хэвлэлийнхэнд хандаж байсан тэр мөчид 20 гаруй хувиар унасан нь тухайн үедээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байсан юм. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний рейтинг 100 дахь хоногтоо огцом унаж байсан түүх байгаагүй билээ.
Харин сонголт үнэн төрхөө харуулах мөчид тэрээр дахин ерөнхийлөгчөөр сонгогдов. Түүнд үзүүлсэн 48 гаруй сая хүний итгэл ирэх дөрвөн жилд хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ түүнийг хүлээж буй олон ажил бий. Нэн тэргүүнд тэрээр ажилгүйчүүдийн тоог бууруулах ёстой. Одоогийн байдлаар жилийн өмнөхөө бодвол арав гаруй хувиар өсчихөөд байгаа ч дөрвөн жилийн өмнөхөөсөө дээрдсэн юмгүй байгаа. Нөгөөтэйгүүр эрүүл мэндийн даатгалын шинэ системээ хэрэгжүүлэх их ажил хүлээж байна. Бүгд найрамдахчуудаас төдийлөн өндөр үнэлгээ авч чадаагүй ч түүний шинэ бодлого хэрэгжихээр болсон. Мөн Сирийн асуудал тэднийг хүлээж буй. Олон улсын ажиглагчид Сирийн асуудалд нэг их анхаарал хандуулахгүй болов уу гэж харж байгаа ч хэзээнээс нааш гадаад улс орнуудын хэрэгт өөрсдийн байр суурьнаас хандаж ирсэн АНУ зүгээр суухгүй нь тодорхой. Ливийн байдлыг хэр зэрэг дээрдүүлэх нь вэ гэдгийг дэлхий нийт харж байгаа. Мөн Иракын ирээдүй ч “хар алмааз”-ын гарт байгаа гэдгийг санахад илүүдэхгүй. Хар алмаазын өмнө час улаан нэгэн аюул бий. Энэ бол өдрөөс өдөрт эдийн засаг нь өсч, дэлхийн таван хүн тутмын гурав нь хятад бараа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа энэ цаг үед АНУ ямар бодлого баримтлах нь вэ гэдэг АНУ-ын дотоодын шүдний өвчин болоод байгаа билээ. Дээрээс АНУ, БНХАУ-аас тодорхой хэмжээний мөнгө зээлсэн байгаа. Түүний эргэн төлөлтийн асуудлыг ч Хятад улс зүгээр орхихгүй нь тодорхой. Цэрэг техник, гадаад худалдааны салбарт Орос улс хамтран ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа. Түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсон мэдээг хүлээж аваад удаагүй байхад дэлхийн улс орнуудын тэргүүн нараас хамгийн анх В.Путин баяр хүргэсэн гэх мэдээлэл бий.
Ирэх дөрвөн жилд тэрээр гадаад бодлогоо Ази тив рүү чиглүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Учир нь худалдаа болоод эдийн засгаараа европийн холбооноос тэргүүлэхээр байгаа мөн хүн амын хурдацтай өсөлт ч ази тивд бий. Тиймээс газрын тосны болоод , гадаад худалдааны салбарт хамтран ажиллах нь америкчуудын “мөрөөдөл”.
Түүний ялалтыг бодлого гэхээсээ илүүтэй сурталчилгааны кампанид ажилласан мэргэжилтнүүдтэй холбон үзэж байна. Түүний кампанийн багт хэн хэн ажиллав гэдгийг харъя. Сонгуулийн сурталчилгааны ерөнхий менежерээр Жим Мессина ажилласан. Харилцааны захирлаар Давид Аксельрод, үндэсний хэвлэлийн нарийн бичгээр Бен Лабольт нар ажиллажээ. Түүнийг Барак Обама 2009 оноос хойш цагаан ордны гүйцэтгэх албанд сонгон, өөрийн нэр хүндээ өсгөх тал дээр ажиллуулж эхэлсэн байна. Түүний нэр хүндийг өсгөхийн тулд Гайтид болсон газар хөдлөлт болоод Японд болсон цунамигийн дараа хийсэн араг хэмжээнүүдэд Жим Мессина ажилласан. Харин түүний кампанит ажилд Жим Мессина болоод Давид Аксельрод нар “Сенди” хар салхийг гайхалтайгаар ашигласан юм. Мөн тэд алдартай оддыг хамруулж олонд хүрсэн мессежийг тарааж эхэлсэн билээ. Мөн түүний санхүүгийн мэргэжилтнээр ажилласан Метью Барзуныг дурьдахгүй өнгөрч болохгүй. АНУ-ын сонгуулийн төв хороонд ирүүлсэн мэдээллээр Барак Обама сонгуулийн кампанит ажилдаа 441 сая долларыг зарцуулсан гэж мэдэгджээ. Үүний талыг нь намын хөрөнгөөр, үлдсэнийг дэмжигчдийнх нь хөрөнгө оруулалтаас бүрдүүлсэн гэж мэдэгдсэн байна. Мэдээж хөрөнгө оруулалтыг цуглуулахын тулд сайн менежмент хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд ардчилсан намаас ялалт байгуулсан нэр дэвшигчид дахин сонгогдож байсан удаагүй. Билл Клинтонаас хойш ийм үзүүлэлт байхгүй гэж бодохоор ардчилсан намынхны хувьд 2012 оны ялалт чухал ялалт байсан. Энэ ялалтыг дэлхийн бүх улс орон тэр дундаа төрөлх Кени улс, мөн Ази тив илүүтэй баярласан. Афганистан, Ливи, Ирак улсууд ч тэднээс дутуугүй баярлаж байна. Түүний гадаад айлчлал азийн Мянмараас эхэлнэ. Энэ нь Мянмарт айлчилсан анхны АНУ-ын ерөнхийлөгч болж байгааг дэлхийн хэвлэлүүд шуугиж байгаа билээ.
Төрөлх нутгийнх нь өгсөн хар алмааз дахин дөрвөн жил гялалзана. Чухам юу хийснийг нь бид 2016 онд дүгнэнэ. Тэр болтол хүлээх л үлдлээ.