40 жилийн түүхтэй Улсын филармони

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

40 жилийн түүхтэй Улсын филармони

Монгол Улсын Филармони 40 нас хүрлээ. Энэ байгууллагад Морин хуурын чуулга, “Баянмонгол” чуулга, симфони найрал хөгжимчид харьяалагддаг. Монголын сонгодог урлагийн бас нэгэн томоохон төлөөлөл болсон байгууллага. Эдүгээг хүртэл 40 жил тасралтгүй идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байна. Тэд 40 жилийнхээ ойн хүндэтгэлийн гала тоглолтын өнгөрсөн баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 9-нд Соёлын төв өргөөнөө хийлээ. Тоглолтод тус байгууллагын бүхий л уран бүтээлчид, чуулгынхан оролцсон, ойрд болоогүй үзүүштэй тоглолт болж өнгөрсөн.

Үзэгчид ч тэдэнд 40 жилийн ойн баярын мэнд хүргэхээр Соёлын төв өргөөнөө цугласан байв. Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын “Баярын жавхаа”-гаар тоглолт эхлэв. Хүчирхэг энэ хөгжмийг Морин хуурын чуулга, симфони найрал хөгжимчид, “Баянмонгол” чуулга хамтдаа тоглосон. Соёлын төв өргөөний хүйтэн жаврыг үргээж, үзэгчдийн халуун алга ташилтаар эхэлсэн тоглолт хоёр цаг гаруй үргэлжилсэн. Хэдийгээр танхимд хүйтэн байсан ч, үзэгчид хөгжмийн эгшигт уярч, даарснаа ч мэдрэлгүй суусан биз.

Үзэгчдэд барьсан бэлэг

Филармонийн симфони найрал хөгжимчид сүүлийн жилүүдэд гадаадын орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс болон киноны хөгжмийг тоглож, үзэгчдэдээс өндөр үнэлгээ авч байсан. Энэ үдэш тэд Попын хаан Майкл Жексоны “Smooth” дууны хөгжмийг симфони найрал хөгжимд зориулан хөрвүүлж, үзэгчдэд бэлэг барьсан. Залуу төгөлдөр хуурч н.Анар хөгжмийн найруулгыг хийсэн гэсэн. Бас л сонирхолтой.  Үзэгчид дор бүрнээ хөгжмийн хэмнэлд бүжиглэж байсан.

Харин “Баянмонгол” чуулга үзэгчдэд жазз хэмнэлийг жинхэнэ мэдрүүлж чадсан. Тэд “Sway” дуугаар үзэгчдийг хөгжөөж, бүжигт урьсан. Үзэгчид ч жазз хэмнэлд багагүй бүжиглээд авах шиг болсон.

Морин хуурын чуулга үзэгчдэдээ зориулж дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс эгшиглүүлсэн. Залуу хөгжимчин, гоцлооч Н.Жигжиддорж “Чардаш”-ийг морин хуураар гоцолж, үзэгчдээс халуун алга ташилтын харамгүй хүртсэн. Мөн Морин хуурын чуулга алдарт “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны хөгжмөөс тоглож, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Мандухай цэцэн хатан” киноны хөгжим гээд л сэтгэлд хоногшсон бүтээлүүдээр бэлэг барьсан. 

Мөн энэ үдэш “Voice" хамтлаг, “Uvertura” хамтлаг, дуучин Ц.Хулан, Т.Амина, Н.Наранбаатар, Гавьяат жүжигчин Д.Энхзул нар ая дуугаараа бэлэг барьсан бол тоглолтыг Гавьяат Жүжигчин Д.Сосорбарам хөтөлсөн нь бас л үзэгчдэд бэлэг байж чадсан юм. Ийнхүү Монгол Улсын Филармони 40 нас хүрч үзэгчидтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүллээ.

М.ДӨЛГӨӨН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж