Өмнөх хоёр башёд /нагоя болон аки башё/ 15 даваатайгаар 100 хувийн амжилтаар тэргүүлж, ёкозуна цолд хүрсэн Харумафүжи Д.Бямбадорж өнөөдөр сумогийн дээд цолтойгоор анхны барилдаанаа хийж, комүсүби Хомашог ёрикири мэхээр давлаа. Харин их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн комүсүби Аминишикиг ёрикири мэхээр ялж, башёгийн анхны даваагаа авсан юм.
Макүүчи буюу дээд зиндаанд зодоглож буй Монголын бусад сумочдын тухайд озэки Какурюү М.Ананд сэкиваки Гоэйдод сотогакэ мэхээр дийлдсэн бол Кёкүтэнхо Н.Цэвэгням ёрикири мэхээр Тоёохибикид ялагдав. Мөн Токитэнкү А.Хүчитбаатар Аранд, Шотэнро Д.Нямсүрэн Дайдод, Асасэкирюү Б.Дашням Икиоид, Тамаваши Б.Мөнх-Оргил Чиётайрюүд тус тус дийлдлээ.
Ийнхүү башёгийн эхний өдөр Монголын найман сумочоос Хакухо, Харумафүжи нарын ёкозуна нар учраагаа давж, бусад нь ялагдлаа.