“Apple” Швейцарийн компанид 21 саяыг төлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

“Apple” Швейцарийн компанид 21 саяыг төлжээ

Берн хотын галт тэрэгний цаг. Фото AFP    

    
“Apple” компани iPhone, iPad зэрэг хит бүтээгдэхүүнүүддээ Швейцарийн галт тэрэгний буудалд байдаг цагны ерөнхий төрхийг ашигласныхаа төлөө тус улсын төмөр замын компанид 21 сая ам.долларын нөхвөр төлжээ. Энэ тухай Швейцарийн “Tages Anzeiger” сонины мэдээнээс иш татан AFP агентлаг мэдээлсэн байна.

Швейцарийн төмөр замын “SBB” компани өнгөрсөн есдүгээр сард оюуны өмчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр “Apple” компанийг буруутгажээ. “Apple” компани iOS6 үйлдлийн системийн шинэ хувилбарт “цаг” гэсэн app-д төмөр замын цагны дүрийг ашигласан нь ийнхүү швейцарьчуудын дургүйцлийг хүргэсэн гэнэ.

Ингээд хоёр тал өнгөрсөн сард лицензийн гэрээ байгуулсан ч “Apple” хэдий хэмжээний мөнгө төлөх нь тодорхойгүй байсан юм. “SBB” компанийн зүгээс нөхвөрийн талаар албан ёсоор мэдэгдээгүй ч бас үгүйсгээгүй байна. Компанийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Apple” тэдний цагийг сонгосон нь бахархалтай хэмээжээ.

Секундын улаан зүүтэй цагийг өнөө хүртэл Швейцарийн төмөр замд ашигладаг бөгөөд түүнийг анх 1944 онд  “SBB” компанийн ажилтан Ханс Хильфикер (Hans Hilfiker) зохион бүтээжээ. Цагийн тооны тэр дүр өдгөө Швейцарийн бэлгэдлүүдийн нэг юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж