”ЛА Лейкерс” Майк Брауныг халлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

”ЛА Лейкерс” Майк Брауныг халлаа

Улирлын эхний 5 тоглолтын дараахи байдлаар 1-4 гэсэн муу амжилтыг үзүүлээд байсан Лос Анжелес Лейкэрс ерөнхий дасгалжуулагч Майк Брауныг ажлаас нь өнөөдөр халлаа. Түүний орны хүнийг олтол туслах дасгалжуулагч Бөрни Бикерстафф багийг дасгалжуулах юм.

Одоогоор Лейкэрс Брауны оронд хэнийг ажилд авах нь тодорхойгүй байна. Зодог тайлсан Фил Жэксоныг эргүүлж авах талаар хүмүүс бодож эхлэх ч Майк Д"Антони, Жерри Слоун, Флип Сондэрс зэрэг олон сонголт Лейкэрст байгаа юм. Индиана Пэйсэрсийн туслах дасгалжуулагч Брайн Шог Лейкэрс сонирхож болох ч Фил Жэксоныг орлох хүнээр Шог биш Брауныг сонгосон явдал гай болох биз.

Yahoo! Sports-ийн мэдээлж байгаагаар Лейкэрсийн ерөнхий менежер Мич Капчак багийн эзэн Жерри Басс болон дэд ерөнхийлөгч Жим Басс хоёрт Браунд хугацаа өгөх талаар санал тависан ч аав хүү хоёр халахаар шийджээ. Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар Браунын урт үргэлжилдэг бэлтгэл болон тоглолтын удаан хугацаагаар бие халаалт хийлгэдэг байсанд тоглогчид дургүйцэж байсан байна.

Лейкэрстэй холбоотой өдөр бүрийн шийдвэрийг гаргадаг Жим Басс Рик Адэлманыг биш Майк Брауныг ажилд авах шийдвэрийг гаргахад их нөлөөлсөн юм байна. Тийм ч учраас өөрөө Брауныг халах шийдвэрт хариуцлага хүлээж байгаа гэнэ. Өнөөдөр Лейкэрс талбай дээрээ Голдэн Стэйт Уарриорсыг хүлээн авч тоглох бөгөөд холбогч Стив Нэш гэмтлийн улмаас тоглохгүй хэвээрээ байна.

Ямартай ч ихэнхи Лейкэрсийн фэнүүдийн хүлээж байсан шийдвэрийг багийн эзэд гаргалаа. Харин хэн Майк Брауныг орлох бол?

Эх сурвалж: www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж