Хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамгийн түрүүнд яах ёстой вэ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамгийн түрүүнд яах ёстой вэ

Хэрэв хүүхэд хэн нэгний заналхийллийн  доор байгаа бол түүнээс зайлах, мултрах хэд хэдэн хувилбар байх  ёстой. Бидний өгч буй зөвлөгөө бол  юуны түрүүнд, эцэг эхчүүд бүх л хувилбарыг  өөрсдөө туршиж  үзсэний дараагаар  хүүхдэдээ тусгайлан  тайлбарлаж санал бодлоо солилцох хэрэгтэй юм.   

1. Хэн нэгэн  сэжигтэй этгээдээс зугт. Сургууль, хөрш айл, дэлгүүр, гэр гээд хүн байж болох хамгийн ойр газар руу гүй. Сургуулиас гэр хүртэлх ч юм уу, хамгийн их зорчдог маршрутын дагуу тааралдах бүх л аюулгүй  газруудыг хүүхдэдээ зааж  хэлж өг.    

2. Чанга хашгир. Аюулгүй байдалд ортлоо зогсолтгүй  хашгир. Яг амьдрал дээр айсан үедээ хашгирах битгий хэл дуу ч гарахгүй тохиолдол их байдаг. Тийм болохоор  хүүхэд, насанд хүрэгчид ч тэр гүйх үедээ хашгирч дадлага хийж үзсэн байх хэрэгтэй. Ийм сургуулилалтыг  байрныхаа хонгилд, цонх хаалгаа хааж байгаад хийж болно. Дасгал сургууль хийснээр сонсогдохгүй шахам сул байсан дуу хоолой улам чангардаг. Энэ бол аюултай нөхцөл байдалд орсон үед  бусдын анхаарлыг татах  хамгийн найдвартай арга юм.       

3.  “Үгүй” гэдэг үгийг хүүхдээрээ хэлүүлж сурга. Ихэнх хүүхдэд танихгүй ч бай насанд хүрсэн том хүнээс татгалзаж болохгүй гэсэн ойлголт шингэсэн  байдаг.  Зам зуурт үл таних хүн ямар нэг тусламж, хүсэлт тавихад “Үгүй” гэсэн хариулт өгч болно гэдгийн учир шалтгааныг  хүүхдэдээ ойлгуулж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хүүхдийг сүрдүүлж,  атгандаа  байлгах гэж оролдож буй хүмүүсээс хүүхдээ хамгаалж, тэдний нөлөөллөөс аль болох түргэн холдуул.     

4. “Чиний бие  чамд өөрт чинь л  хамаарна. Бие хүн өөрөө  өөрийгөө  арчилж хамгаалах үүрэгтэй. Эцэг, эх үүнд нь тусалж, санаа  тавьдаг” гэдгийг хүүхдэдээ сайн ойлгуулж өг.

5.Хүүхдүүд  заримдаа хэн ч тэдэнд итгэдэггүй хэмээн эмзэглэдэг. Энэ ойлголт нь ужигарснаар  өөрийгөө  болон  өөрийг нь доромжилсон хэн нэгнийг  үзэн ядаж, хорлох  санаа өвөртөлдөг. Эцэг эхчүүд хүүхдэдээ байнга анхаарал хандуулж тэдний сэтгэл санааны эмзэглэлийг мэдэрч ойлгож байх хэрэгтэй. Ингэснээр хүүхдээ гай зовлонгоос хол байлгаж чадна.

6. Найдвартай, итгэл хүлээлгэж болох хүмүүсийн нэрсийг таны хүүхэд мэддэг байх хэрэгтэй.  Тэгвэл ямар хүнийг аюулгүй, итгэж болох хүнд тооцох вэ.  Энэ бол хүүхдийг сонсдог, тэдэнд итгэдэг, хүүхдэд тусалдаг хүмүүсийг хэлнэ. Эцэг эхээс гадна эмээ, өвөө, багш, найз нөхөд, хөрш гээд  энэ бүх хүмүүс хамгийн аюулгүй хүмүүс гэдгийг зааж өгөөрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж