Залуу дуучны анхны бие даасан тогтлолт болохоор тийм ч олон хүн үзнэ гэж бодож байснаа нуух юун. Сүүлийн үед урлагийн тоглолтуудыг сонирхох цаг зав хомс байсныг хэлэх үү. Олон хосууд, түүний үнэнч фэнүүдийн халуун дулаан уур амьсгал “УБ Палас”-ыг бүлээцүүлж, хайрын үдшийг мэдэрнэ гэж би лав төсөөлөөгүй. Гэхдээ тэр чадсан.
Баасан гаригийн 20.00 цагт А Cool фенүүдтэйгээ уулзахаар болзсон байсан юм. Хэдийгээр товлосон цагаасаа хоцорч эхэлсэн ч үзэгчдийн тэсэн ядан хүлээсэн “Зөөлөн хайр” мэдрэгдэж, дуучин залуу ч “Залуу, анхны бие даасан тоглолт учраас буруу зөрүү зүйл байгаа ч энэ тайзан дээр, та бүхнийхээ өмнө зогсч байгаадаа би маш их аз жаргалтай, баяртай байна” гэж хожимдсон болзоогоо эвтэйхэн “аргалаад” өнгөрчихнө билээ.
Хайрын халуун дотно, хит дуунууд эгшиглэсээр. Одоогоос долоо жилийн өмнө “Ариунзаяа” хэмээх уран бүтээлээрээ олонд танигдаж, уран бүтээлч гэх “цолтой” болсон А Cool өдгөө хайрын дууч хэмээн цолыг фэнүүдээсээ “хүртчихэж”.
Анхны бие даасан тоглолт гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Түүний фэнүүддээ барьсан анхны бэлэг нь нэгэн үе залуусын амны уншлага болсон, хип хоп урлагаар олныг байлдан дагуулж байсан “Татар” хамтлагийн Заяатай хамтран дуулсан дуу байлаа. “Татар” хамтлаг уран бүтээлээсээ түр хөндийрөөд байсан. Харин саяхнаас А Cool-тэй хамтран шинэхэн уран бүтээлээ туурвисан нь ийнхүү танхимд эгшиглэв.
“Хайр яагаад ийм зөөлөн юм бэ” гэх асуулттай тулгарч, “Аниргүй итгэл” хэмээн дуу бүтсэн түүх, дурсамжаар нь аялах боломжийг шүтэн бишрэгчид, үзэгчдэд олгосон. A Cool өөрөө “Зөөлөн хайр” дуундаа хамгаас дуртай, түүх өгүүлсэн дуу гэнэ. Аавынхаа өмнөөс ээждээ зориулсан “Зөөлөн хайр” нь харин тэр үдэш фенүүдийнх нь сэтгэлийг уярааж, зөөллөсөн хайр байж чадсан. “Зөөлөн хайр” дууны клипний төгсгөл нь их харамсалтай. Харин энэ клипийг гарсны дараа нэг хүн А Cool-руу утас цохиж, “Надад яг ийм амьдрал тохиолдож байсан. Яг л миний хэлэхийг хүссэн зүйл байна. Хайр яагаад ийм зөөлөн байдаг юм бэ” гэдэг асуултыг асууж, түүнийг нэг хэсэг л “шоконд” оруулсан байж. Гэхдээ хайр яагаад ийм зөөлөн юм бэ гэдэг асуултын хариу нь “Аниргүй итгэл” хэмээх уран бүтээл нь байсан.
…Амьдрал өөрөө гайхам сайхан ч
Хамгийн сайхан нь надад өгсөн хайр юм
Анхны хайрын үлгэр жаргасан ч
Эргэлзээгүй би түүнд анх чамайг шингээнэ…. (Аниргүй итгэл дуу)
Түүний дуунууд хайр гэх дөрвөн үсгэнд тэр чигээрээ шингэдэг бөгөөд баяр баясал, зовлон гуниг, хагацал бүх зүйлийг хайранд шингээж чаддагаараа бусдаас ялгаатай юм болов уу гэх бодол төрж байлаа. Хайрын тухай олон дуу байдаг. Хайр өөрөө гайхалтай, хүний амьдралыг нандин зүйл учраас хүмүүс хайрын дуунд дуртай байдаг. Хайрыг яаж илэрхийлж, яаж хүлээж авах нь өөр өөр байдаг ч мөн чанар нь нэг л зүйл байдаг гэж бодном.
“Энхрий”, “Аниргүй итгэл”, “Зөөлөн хайр”, “Хайртай бол эргэж хараарай”, “Би итгэж байна” зэрэг хит болсон дуунууд фэнүүдтэйгээ хамтран дуулсан A Cool сүүлийн үед хамтын уран бүтээлд шитмэн орсноо ч тэрээр онцолж байсан. Мөн хамтран уран бүтээл хийсэн уран бүтээлчид болох залуу дуучин Бямба-Дэлгэр нар хүрэлцэн ирснээс гадна “Улаан туг” бүжгийн хамтлаг бүжгийн гайхамшгаар үзэгчдэд бэлэг барьсан. Мөн энэ үдэш цугласан фэнүүд нь түүний шинэ уран бүтээл болох “Чи минь” хэмээх шинэ дууны анхны сонсогчид байсан юм. Мөн л хайрын тухай дуу байлаа.
Тайз, орчин, дуу бүхэн хайраар “бялуурсан” үдэш хоёр залуу найз охиндоо гэрлэх санал тавьсан. Энэ орчныг нь А Cool бүрдүүлж, хуримд нь очиж, хайрын дуугаар бэлэг барихаа амласан юм.
Оройжин хайраар бялхаж, дулаацсан болохоор гэртээ харихдаа даараагүй шүү. Дуу бүхэндээ хайр шингээсэн учраас цастай үдшийн жаврыг үргээсэн, зөөллөсөн хайрыг мэдрэхийг хүссэн, чадсан гэдгээ нуумааргүй санагдлаа.