100 буудалт даамын блиц төрлийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

100 буудалт даамын блиц төрлийн аваргууд тодорлоо

100 буудалт даамын рапид (15 минут) болон блиц тоглолтын (5 минут) улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9, 10-нд “Хос мастер” шатрын академийн байранд боллоо. Тус тэмцээн нь энэ сарын 20-25-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийг сорьсон сорилт тэмцээн болсон. Блиц төрлийн тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 26 тамирчин, эмэгтэйчүүдийн ангилалд 11 тамирчин өрсөлдөж улсын аваргууд тодорсон бол рапид төрөлд 42 тамирчин өрсөлдөж шигшээд өрсөлдөх найман тамирчин тодорсон байна. Рапид төрлийн шигшээ тоглолт ирэх арванхоёрдугаар сард болох бөгөөд ОУИМ Д.Эрдэнэбилэг 4800, СМ Ц.Хашчулуун 3540, ОУМ О.Түвшинболд 3320, ДДХМ Р.Манлай 3180 оноогоор тэргүүлж байна.

2012 оны блиц төрлийн УАШТ-ий дүнг танилцуулъя.

ЭРЭГТЭЙ:
1-р байр. ОУИМ Д.Эрдэнэбилэг 16 оноо (7 хожил, 2 тэнцээ)
2-р байр. СМ Б.Ганзориг 13 оноо (6 хожил, 1 тэнцээ, 2 хожигдол)
3-р байр. ОУМ О.Түвшинболд 12 оноо (5 хожил, 2 тэнцээ, 2 хожигдол)
4-р байр. СМ Ц.Балжинням 12 оноо (5 хожил, 2 тэнцээ, 2 хожигдол)
5-р байр. СМ О.Энхбат 11 оноо (4 хожил, 3 тэнцээ, 2 хожигдол)

ЭМЭГТЭЙ:

1-р байр. СМ Э.Мандахнаран 15 оноо (7 хожил, 1 тэнцээ)
2-р байр СМ М.Нямжаргал 12 оноо (6 хожил, 2 хожигдол)
3-р байр СМ Б.Нандинцэцэг 10 оноо (4 хожил, 2 тэнцээ, 2 хожигдол)
4-р байр ДМ У.Цэрэндолгор 8 оноо (3 хожил, 2 тэнцээ, 3 хожигдол)
5-р байр СМ Г.Энхтуяа 7 оноо (3 хожил, 1 тэнцээ, 4 хожигдол)
Мөн тэмцээний үеэр го даамын УАШТ болж, Монгол, Өмнөд Солонгос, Япон улсын нийт 16 тамирчин өрсөлдсөн байна. Тэмцээний дүн гарахад А.Дэмбэрэлсамбуу тэргүүлж, го даамын анхны улсын аварга болсон бол Ц.Сансар, Park Kyeong Cheol нар удааллаа.

Блиц тоглолтын 2012 оны улсын аварга СМ Э.Мандахнарангийн сэтгэгдлийг сонслоо.

-Юуны өмнө улсын аварга болсонд баяр хүргэе. Тэмцээний талаар дэлгэрэнгүй яриач.

-Баярлалаа. Блиц буюу түргэн тоглолтын улсын аварга бол урьд нь удаан тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнтэй хамт болдог байсан. Энэ жилээс тусдаа болж эхэллээ. Би блиц төрөлд гурав дахь удаагаа түрүүлж байна. Мөн блиц тоглолттой зэрэгцээд рапид буюу 15 минутын тоглолтын улсын аваргын урьдчилсан шалгаруулалт боллоо. Рапид төрлийн улсын аваргын шигшээ тоглолт ирэх арванхоёрдугаар сард болно.

-Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар тодруулахгүй юү?

-Азийн аваргын тэмцээн Малайзад энэ сарын 20-25-нд болно. Би Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байна. Урьд нь Азийн аваргаас блиц төрөлдөө хүрэл медаль авч байсан. Энэ удаагийн тэмцээн их хариуцлагатай болж байгаа. Учир нь зөвхөн түрүүлсэн тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болохоор их чухал тоглолтууд өрнөнө. Азид одоо Хятад, Узбекстан, Казакстаны тамирчид их хүчтэй байгаа.

-Та өнгөрөгч наймдугаар сард Францад болсон дэлхийн оюун ухааны спортын II наадмаас хүрэл медаль хүртсэн шүү дээ. Энэ талаараа эргэн дурсаач.

-Тийм ээ, энэхүү олимпиос Монголын анхны хүрэл медалийг авсандаа их урамшсан. 2008 оноос эхлэн зуны олимпийн тоглолтын дараа тухайн олимп болсон газар оюун ухааны спортын олимп болдог. Энэ утгаараа бид анхдугаар тэмцээн болох Бээжинд их олон хүний бүрэлдэхүүнтэй очиж байсан ч харамсалтай нь медаль хүртэж чадаагүй л дээ. Энэ жилийн олимп Английн Лондон хотноо болох байсан ч тодорхой шалтгааны улмаас Францын Липлей хотноо болж байсан. Тиймээс манай улсаас зөвхөн 100 буудалт даамын төрөлд оролцсон. Манай эрэгтэй болон эмэгтэй баг медалийн төлөө тоглоод атгаад алдаад байсан. Харин тэмцээний сүүлийн өдөр болон блиц төрөлдөө спортын мастер Б.Нандинцэцэгтэй хамтран багийн төрөлдөө хүрэл медаль авсан. Энэ медаль бидэнд маш их үнэтэй ирсэн болохоор сэтгэл их өег байгаа.

Энэ сарын 20-25-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо зохиогдох
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өсвөр, залуучууд, насанд
хүрэгчдийн ангилалд нийт 36 тамирчин өрсөлдөхөөр болоод байна. Монголын
шигшээ баг ирэх долоо хоногт эх орноосоо мордоно.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж