УИХ дахь сөрөг хүчнийхээ дуу хоолойг боомилохын тулд боломжит бүхий л хуулийг зөрчихийн зэрэгцээ хараат бусаар ажиллах ёстой шүүх, цагдаа, прокурор, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Үндсэн хуулийн цэцийг ёстой л харцаараа хөдөлгөж байна. Ардчилсан намын засаглалын үед Монголын парламентын ардчилал хумигдаж, устаж мөхөхөд тун ойрхон боллоо. 22 жилийн дараа ардчиллыг анх өлгийдөж авсан хүмүүс өөрсдийнхөө гараар энэ ардчиллыг устгах юм гэж хэн санах билээ. Гэвч итгэхээс аргагүй үйл явдлууд сонгуулиас хойш шил даран өрнөж байна. В.И.Лениний хөшөөг буулгах үеэр хэвлэлийн хурал зарлаж, ХХ зууны энэхүү хүний хэн болохыг тодорхойлоод байсан хотын дарга Э.Бат-Үүлийн хэлж буй үг, хийж буй үйлдэл түүнээсээ ч нэг их ялгараад байх юмгүй болов. “Энэ Ленин чинь дандаа нураа, устга, хураа” гэж хэлдэг байсан юм гэж Үүл баатар айлдсан. Харин өнөөдрийн өндөрлөгөөс харвал тэр ч бас “Нураа, хураа, устга, хал соль” гэсэн үгээр л үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Ямар сайндаа түүний энэ үгнээс залхсан ард иргэд ийм амны билэггүй нийслэлийн Засаг даргатай Улаанбаатар хот минь хөгжих л байгаа даа хэмээн халаглах вэ дээ. Ганц амбаар барьж, хадаас хадаж үзээгүй хий цэцэрхэгч улстөрчдөөс нураа, устга гэсэн үг гарахдаа ч амархан байх л даа. Бүтээн байгуулалтад хуруу нэмэрлэж чадахгүйгээс хойш дэмий хоосон зүйл чалчиж, хошуу нэмэрлэхээ боливол таарна. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж үйлс нь хазайчихсан урагшгүй нөхөр байна. Төрийн байгууллагын удирдлагыг халж сольж оронд төлөөний хүнээ томилсондоо ханаж цадахгүй, жижиг гэлтгүй албан тушаал руу ч хомхойрон шунаж байна. Ердөө л төрийн албыг өөрийнхөө намын бааз суурь болгохыг хүссэндээ Ардчилсан намынхан манаач, үйлчлэгчийн албыг ч голохгүй сольж хольж байна. Нураана, хураана, буулгана, хална солино гэсэн үгийг гол уриа лоозонгоо болгосон Ардчилсан намынхан улс эх орон, ард түмнийг минь хааш нь л залуурдаад байна даа.
/Төлбөртэй нийтлэв/