Хятадын эдийн засаг илаарших нь

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

Хятадын эдийн засаг илаарших нь

Хятадын Төвбанкны дарга Жоу Сяочуань "Дэлхийн хоёр дахь том эдийн засаг энэ жилийн сүүлээр илаарших шинж тэмдэг харуулж эхэлснийг өнөөдөр албан ёсоор олонд дэлгэх тайлан батална" хэмээн мэдээллээ.
 
Тэрбээр өчигдөр Бээжинд эхэлсэн Коммунист намын XVIII их хурал дээр зарим үзүүлэлт сэргэж, эдийн засаг тогтворжих тийшээ хандсан гэдгийг хэлсэн байна. Харин Үндэсний статистикийн газрын дарга Ма Жянтан “Дөрөвдүгээр улиралд эдийн засаг тэлнэ гэдэгт хүмүүс итгэл төгс байгаа” гэв.
 
Долоон улирал дордсон эдийн засаг нь сэргэх хандлага үзүүлж эхэлсэн энэ үед Хятадын эрх баригч нам тус улсыг дараагийн арван жилд авч явах тав дахь үеийн удирдагчдыг сонгохоор долоо хоног үргэлжлэх хурлаа өчигдөр эхлүүлээд байгаа билээ. Тус улсын үйлчилгээний салбар өнгөрсөн 19 сарын турш дахь уруудсан үзүүлэлтээсээ салсныг энэ сарын 3-нд цацагдсан Үйлдвэрлэлийн захиалгын индексийг харуулсан хоёр тайлан баталсан юм.
 
Хятадын шинэ удирдагчид ямартай ч эдийн засаг нь цаашид дордохыг харахгүй бололтой хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Гэсэн ч тэдний зүгээс дэд бүтэц, дотоодын хэрэглээг дэмжсэн олон арга хэмжээний хүрээнд эдийн засгийн өсөлтийг илтгэгч үзүүлэлтүүд энэ удаад  харьцангуй өндөр гарах болов уу гэсэн хүлээлт байсныг ч хэлж байв.
 
Хятадын инфляциа хазаарлах гэсэн оролдлого, үл хөдлөх хөрөнгийн салбарт хийсэн тоглолт, дотоодын хэрэглээг дэмжих бодлого  болон томоохон гүрнүүдийн эдийн засгийн удаашрал нь  энэ жил тус улсыг 1999 оноос хойш хамгийн сул өсөлтөнд хүргэсэн хүчин зүйл байсан гэж хэлж болно. Хятадын эдийн засгийн өсөлт 2011 онд 9.3 хувь байсан ч энэ онд 7.7 хувь болтлоо огцом буурсан билээ. Харин өнгөрсөн улиралд хамгийн доод өсөлтдөө буюу 7.4 хувьд хүрсэн тухай Хятадын Үндэсний статистикийн газраас өнгөрсөн сард мэдээлсэн юм.
 
Тус улсын Төвбанкны дарга ирэх жилийн Хятадын эдийн засгийн өнгийг “Цаашдын бодлого чиглэл харьцангуй уян хатан, одоогийн асуудалд төвлөрсөн шинжтэй байх ч АНУ сангийн хумих бодлого баримтлах гэж байгаатай холбогдуулан ямар нэг арга хэмжээ авахад бэлтгэлтэй сууна” гэж тодорхойлжээ. Учир нь АНУ-ын хувьд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн холбооны зарлагаа 607 тэрбум ам.доллараар танаж, албан татвараа нэмэхээр төлөвлөөд байгаа билээ.
 

Б. ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж