Түвдүүд эсэргүүцлийн жагсаал хийв

Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Түвдүүд эсэргүүцлийн жагсаал хийв

Хятадын шинэ төрийн тэргүүнийг тодруулах Коммунист намын ээлжит 12 дугаар хурал эхэлсэнтэй холбоотойгоор түвдүүдийн эсэргүүцэл улам нэмэгдсэн байна. Өнгөрсөн өдрүүдэд Хятадын гурван мужид дарангуйллыг эсэргүүцэн, эрх чөлөөг шаардсан Түвдийн  зургаан иргэн өөрийгөө шатааж, зулын гол болсон. Мөн өчигдөр олон мянган түвдүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Жагсагчид Хятадын Засгийн газраас Буддын шашны тэргүүн ХIV Далай ламыг цөллөгнөөс буцаах, Түвдийг тусгаар тогтносон эрхтэй болгохыг шаарджээ. Хятадын Тунжэнь хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын ихэнхи нь дээд сургуулийн оюутнууд байсан бөгөөд Хятадын эрх баригчид эсэргүүцлийн жагсаал гарсан хэсэгт хамгаалалтад гаргаж, гадны сэтгүүлчдийг оруулахгүй байгаа юм байна. Өдгөө ХIV Далай лам Хятадын эрх баригчдаас Түвдэд бүрэн тусгаар тогтнол биш юмаа гэхэд өөртөө засах эрх мэдлийг олгуулахаар идэвхитэй тэмцдэг. Түүнчлэн эрх чөлөөгүй, хавчигдмал байдалд аж төрж буй түвдүүд НҮБ, олон улсын эрхийг хамгаалах байгууллагаас тусламж хүссэн хэвээр байгаа боловч тусыг эс олж байгаа аж. Аргаа барсан Түвдийн эсэргүүцэгчид дуу хоолойгоо олон улсад хүргэхийн тулд амиа золин, зулын гол болох нь ихэссээр байгаа. БНХАУ-д өнгөрсөн нэг жилийн хугацаанд Түвдийн иргэд 60 иргэн өөрийгөө шатааж, зулын гол болсон хэрэг бүртгэгдээд байгаа юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж