
Энэ талаар Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшигтай тэмцэх тасгийн дарга С.Цогтбаатараас тодрууллаа.
-Энэ сарын 4-нд усанд осолдсон бага насны эх хүүхэд хоёрыг эрэн сурвалжлах ажиллагаа ямар шатандаа явна вэ?
-Энэ осол гарснаас хойш бид эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар болон Аврах тусгай ажиллагааны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлыг комисс осол гарсан дуудлагыг хүлээн авснаас хойш шуурхай ажиллаж, зургаан хүнийг амь эрсдэхээс хамгаалсан зэрэг арга хэмжээг авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрынхан дөрөв хоногийн турш ОХУ-ын хил хүртэл машинаар болон явганаар самналт хийсэн. Тэгээд ОХУ-ын хил гарсан байх магадлалтай хэмээн ОХУ-ын Аюулаас хамгаалах газарт хандсан. Тэд өөрийн багийг гаргаж, хил орчмын газраар мөн эрэл хийсэн. Манай аврагчид тус улсын хилээр орж хайх зөвшөөрөл хүссэн боловч ОХУ-ын тал өөрсдөө хайж байгаа гээд зөвшөөрөл олгохгүй байсан. Харин зөвшөөрөл өчигдөр гарч, өнөөдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтэс, Аврах тусгай ангиас 20 хүний бүрэлдэхүүнтэй мөн алга болсон хүний ар гэрийхний хамт ОХУ-ын хилийн зурвас хэсэг болон тус улсын нутаг дэвсгэр хавиар эрэн хайх ажиллагааг ОХУ-ын аврагчдын хамт хийж байна. Ар гэрийхэн болон Манай Онцгой байдлын хэлтсээс хүсэлт гаргасан ч ОХУ-аас зөвшөөрөл өгөхгүй байсан.
-Эдгээр хүмүүс ямар шалтгаанаар дутуу хөлдсөн голоор гарах болсон юм бол?
-Эхлээд голоор бөөнөөрөө гарсан байсан. Хүнсээ цуглуулахаар гол гарсан байсан. Харин эргэж ирэхдээ хүнсээ цуглуулж, ачаа бараатайгаар гарч ирсэн байсан. Өмнө нь ачаа бараагүй байхад нь мөс даагаад байсан бол харин дараа нь жин нэмэгдсэн учраас мөс даахгүй хагарсан байсан. Онцгой байдлын ерөнхий газраас аравдугаар сараас голын хөлдөлт олон жилийн дунджаас бага байгаа, мөс цөмрөх аюултай гэсэн сэрэмжлүүлгийг орон нутгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан олон удаа сэрэмжлүүлгийг өгсөн. Хэвлэл мэдээллийн байгууллагаар ч гэсэн сэрэмжлүүлэг явуулсан. Осолдсон иргэд сэрэмжлүүлэг өгсөөр байтал голын мөсөөр гарсан байгаа юм. Хамгийн гол нь иргэд Онцгой байдлын албан хаагчид ажиллаж чадахгүй байна гэхээс илүү өөрсдөө мөн хариуцлагатай, амь насаа хамгаалж байх нь зүйтэй байна. Цаашид ч гэсэн ийм зүйл гарч болзошгүй тул иргэд маш болгоомжтой, сэрэмжтэй байх шаардлагатай байна. Хамгийн гол нь эх хүүхдийн хурдан олох нь чухал учраас ОХУ, манай аврагчид хамтран хайсаар байна.
-Онцгой байдлын албан хаагчид ямар ч багаж, тоног төхөөрөмжгүй очсон гээд байгаа?
-Ослын дуудлагаар очиж байгаа аврагчид мэдээж өөрсдөд байгаа аврах багаж, хэрэгслээ авч очно шүү дээ. Өдийд мөс хөлддөг учраас бид хийлдэг завиа ашиглаад байдаггүй. Өдөр бүр ийм осол гарахгүй шүү дээ. Энэ хэд хоногийн турш манай албан хаагчид машинаар, явганаар хайгуулаа хийсээр л байна. Өдөр шөнөгүй ажиллаж байна. Аврагчдыг буруутгахаас илүү яаж ажиллаж байгааг нь мөн ойлгох хэрэгтэй. Иргэд цаашид ч гэсэн ийм зүйлээс болгоомжлох хэрэгтэй. Онцгой байдлын газрууд гол, мөрний ойролцоо мөс цөмрөх аюултай гэсэн тэмдэглэгээ тавьсан байгаа.