-Ноосны үйлдвэр эрчимжсэн гэж байна. Урьд нь жилдээ хэдэн тонн ноос боловсруулдаг байсан бол одоо хэрхэн нэмэгдсэн юм бэ?
-2009 оноос өмнө улсын хэмжээнд үндэсний үйлдвэрүүд жилд 4000 орчим тонн ноосыг худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Малчдын бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан ноосны кг тутамд урамшууллыг өгдөг болсноос хойш үйлдвэрүүдийн ноос бэлтгэл илт нэмэгдэж, энэ жил 14,7 мянган тонн ноос бэлтгэсэн нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 2-3 дахин өссөн юм. Энэ жил улсын хэмжээнд бэлтгэсэн ноосны 90 орчим хувийг үндэсний үйлдвэрлэлүүд авсан. Ингэхээр үйлдвэрүүдэд дөрвөн улирлын туршид үйлдвэрлэлээ таслалтгүй явуулах, жижиг цехүүд томрох боломжийг олгож байгаа юм. Өрхийн үйлдвэрийн хэмжээнд байсан бол жижиг, жижиг үйлдвэрүүд дунд үйлдвэр болж томорч байна. Одоогийн байдлаар нийслэлд 800 гаруй ажилчинтай 56 ноос угаах үйлдвэр ажиллаж байна. Үүнд нийслэлд ноос угаах, самнах, гүн боловсруулах, барилгын дулаалгын материалын дагнасан үйлдвэрийг ажиллуулж байгаа. Харин орон нутагт 201 өрхийн болон жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.
-Монголчууд ноос, ноолуураа төдийлөн сайн ашиглаж чадахгүй байна гэдэг. Ноосоор өөр ямар ямар бүтээгдэхүүн хийх боломжтой вэ?
-Ноосны онцлогийг ашиглаж олон бүтээгдэхүүн хийж болно. Монгол хонины ноос нь хялгас, ноолуур, завсрын, сор үс гэсэн ширхэгтүүдээс бүрддэг учраас хялгасыг нь ялгах, самнах шаардлагатай байдаг. Самнаж ялгаж авсан ноолуурлаг хэсгээр утас үйлдвэрлэж, утсаараа бэлэн бүтээгдэхүүн хийх, хялгасаар нь эсгий, барилгын материал үйлдвэрлэх боломж бий. Өөр салбар гэдэг нь ноосны дулаан хадгалах, дулаан дамжуулах зэрэг шинж чанар нь барилгын дулаалгын материалд ашиглахад тохиромжтой байдаг.
-Иймэрхүү хөнгөн, хүнд үйлдвэрүүдийг хотоос гадагш байгуулах чиглэлийг баримталж байгаа шүү дээ. Тэгэхээр нийслэлд үйл ажиллагаагаа явуулж байсан үйлдвэрүүдийн шилжилт хөдөлгөөн хэр байна?
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ноос угаах үйлдвэрийн тухайд, орон нутаг руу шилжүүлж эхлээд байна. Том үйлдвэрүүд орон нутагт бүсчилсэн байдлаар угаах үйлдвэрүүдээ байгуулж эхэллээ. Энэ нь нэг талаасаа орон нутагт ажлыг байрыг бий болгож, орон нутгийн эдийн хөгжилд хувь нэмэр оруулах нөгөө талаасаа бохир ноос өөрөө овор ихтэй байдгаас тээвэрлэлтийн зардлыг багасгах зорилгоор угааж, хогт хольцыг багасгаж, цэвэрлэсэн ноосыг нийслэл рүү тээвэрлэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хүргэх, нийслэлд боловсруулаагүй түүхий эдийг оруулахгүй байх гэх мэт олон ач холбогдолтой юм.
-Үйлдвэрүүдийг цаашид шинээр байгуулах уу?
-Ноосыг угаах үйлдвэрүүд самнах цехүүдтэй болж эхэлж байна. Орон нутагт нэлээн олон угаах цехүүд байгуулагдсан. Ирэх дөрвөн жилд орон нутагт 4-5 угаах үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатараас гурван үйлдвэр орон нутаг руу шилжин нүүж байгаа. Тухайлбал,нийслэлд ажиллаж байгаа эсгийний жижиг үйлдвэр Хэнтий аймагт угаах үйлдвэр байгуулах гэж байна. Мөн Өвөрхангай аймагт “Ноос ирээдүй” ХХК шилжинэ, Архангай аймагт “Нэхээсгүй эдлэл” ХК, Баянхонгор аймагт “Улаанбаатар хивс” ХК зэрэг томоохон үйлдвэрүүд угаах үйлдвэр байгуулж байна. 2016 он гэхэд ноосны анхан шатны боловсруулалтын үйлдвэрүүд үндсэндээ орон нутагт жигд тархацтай байрлана.
-Ноосны экспортын тухайд?
-Цаашдаа хонины ноосыг 100 хувь дотооддоо боловсруулж, 50 орчим хувийг хивс, нэхмэл бүтээгдэхүүн , барилгын дулаалгын материал үйлдвэрлэх юм. Эдгээр бүтээгдэхүүний 60-80 хувийг гадаадад экспортлох зорилготой байгаа.
-Ноолуурны үйлдвэрлэл ямар байгаа бол?
– Монгол Улсад жилд 6000 орчим тонн ноолуур бэлтгэдэг боловч 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй байна. Учир нь ээрэх хүчин чадал хүрэлцэхгүй байгаа. Тиймээс ээрэх хүчин чадлыг нэмэх зорилгоор Ноос ноолуурын холбооноос дөрвөн аймагт жилд 120 тонн ноолуур ээрэх боломжтой үйлдвэрийг байгуулах тухай төслийг боловсруулсан. Ер нь улсын хэмжээнд угаах, самнах буюу анхан шатны боловсруулалтын нэхмэл, сүлжмэлийн буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч цогцолбор 13 үйлдвэр, сүлжмэлийн дагнасан 44 гээд нийт 130 гаруй ноолуур боловсруулах үйлдвэрт нийт 6730 ажилчин ажиллаж байна. Үүнээс нийслэлд 70 гаруй , хөдөө орон нутагт 50 гаруй ноолуурын үйлдвэр ажиллаж байгаа юм. Орон нутгийн үйлдвэрүүд гэдэг нь ихэвчлэн жижиг, өрхийн бичил сүлжмэлийн цех тасгууд гэж хэлж болно.
-Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл үүнээс хүртэх үр дүнг хэрхэн харж байна вэ?
– Хэрэв үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлбэл нийт ноолуурын 50 орчим хувийг гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглүүлнэ. Ноолууран бүтээгдэхүүн ер нь гадаад зах зээлд чиглэсэн экспортын баримжаатай байдаг. Нийт ноолууран бүтээгдэхүүний 80 орчим хувь нь гадаад зах зээлд борлуулагдаж байгаа юм л даа.
-Гадаад зах зээл дээр гарахад хүндрэл хэр байна?
-Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад хүндрэл бий. Гадны хэрэглэгчдэд монгол ноолуурын онцлог болон сайн талыг таниулахад олон компанийн янз бүрийн нэрийг танилцуулснаас хамтын нэг брэндийг таниулах нь илүү хялбар. Иймээс гадаадад гаргах бүтээгдэхүүнийг нэг чанарын брэнд нэрээр гаргахыг үндэсний үйлдвэрүүд дэмжиж, Азийн хөгжлийн банкны хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл, Монголын ноос, ноолуурын холбоо, манай яам хамтран хамтын чанарын брэнд тэмдгийг бий болгох ажлыг хийж байна. Удахгүй Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ. Ноолууран төдийгүй сарлагийн хөөврөн, тэмээний ноосон бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад манай ноолуурын үйлдвэрүүдийн хамтын ажиллагаа, гадаад зах зээлд хамтын маркетинг хийх шаардлагатай.