Бразилд цагдаа нар болон “First Command of the Capital” нэртэй дээрэмчдийн бүлэглэлийн хоорондох мөргөлдөөний улмаас өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 130 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм байна. Түүнчлэн Бразилийн хамгийн том хот Сан-Паолод өнгөрсөн пүрэв гаригт болсон мөргөлдөөний улмаас нэмж 13 хүн амь үрэгджээ. Бразилийн цагдаа нарын үзэж буйгаар тэдгээр зэвсэгт дээрэмчдийн гол зорилго нь өнгөрсөн удаагийн цагдаагийн тусгай ажиллагааны үеэр баривчлагдан шоронд хоригдсон хүмүүсийг суллах аж. Тиймээс цагдаа нар Сан-Паоло хотын шоронгуудыг хатуу хамгаалалтад авч, тэдгээр аюултай хоригдлуудыг холбооны шоронд шилжүүлэх хүсэлтэй байгаа юм байна. Цагдаа нар болон дээрэмчдийн хоорондох мөргөлдөөний улмаас Сан-Паоло хотын зарим ядуусын хорооллын албан байгууллага, дэлгүүр хоршоо зэрэг үйлчилгээний байгууллагууд үүдээ барьжээ. Тус хотод дээрэмчид автобус, автомашинуудыг эвдлэн сүйтгэж, галдан шатааж байгаа бөгөөд мотоциклтой цагдаа нар хотын хаа сайгүй хөлхөх болсон байна. Бразилид энэ жилийн эхэн үеэс хойш тус дээрэмчдийн бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны үеэр цагдаагийн 90 гаруй ажилтан болон олон энгийн иргэн амь үрэгджээ.
Б.АНХТУЯА