Хуучирсан мэдээ: 2012.11.10-нд нийтлэгдсэн

Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу /Л.Өлзийтөгс/

Цас бударч байна. Хачин нам гүм цас моддын дээр бударч, хаашаа л харна орчлон сүүн өнгөөр мэлтийх.Цав цагаахан гоёлоо өмссөн хотын гудамжаар холын дурсамжаа хөглөн удаан алхмаар ч юм шиг. Уулзаагүй удсан өнө эртний найздаа очмоор. Өчигдөрхөн мэт санагдах тэр өдрүүдийн тухай хуучилмаар ч юм шиг.  Тийм л яруухан дурсамжийг хөглөх, ийм л өдрүүдэд би дуртай.

Намуухан, зөөлхөн бас сэнгэнэсэн, салхи хүртэл цасанд дурлачихсан мэт санагдах цастай өдөр. Ээжийн минь цайны  сүү шиг , эрх хөөрхөн хүүгийн маань сэтгэл шиг цав цагаахан цас.

Цаг шиг амьдрахсан гэж  цас шиг зүггүйтэхсэн гэж цаг хугацааг зогсоохсон гэж хааяа мөрөөддөгсөн. Цав цагаанаар орчлонг будаж чамдаа хайртай гэж дээр нь бичихсэн гэж боддог байлаа.

Цонхны цаана цасан ширхэгүүд бүжинэ. Хацар нүүрийг минь хайрч, хайлан урсах мэт хайрын нулимс шиг цас. Анхны хайр, анхны болзоо, анхны үнсэлт.

Үймэрсэн их бодлыг маань үргээж утас жингэнэх нь тэр.

-Байна уу?

-Байна.

Утасны цаанаас намуухан дуугаар мэндчилэх миний уулзаагүй найз.
 
Тэр бид хоёр хоёулаа цасанд дуртай байж. Цас орох бүрийд хөөрцөглөж, хотын гудамжаар хөлөө эцтэл, чихээ даартал алхдаг байлаа. Тэгэхэд бид оюутан байж дээ.  Тэр яг л цас шиг. Зөөлөн, зүггүй бас гэнэн. Тийм болохоор цас орох болгонд би түүний тухай дурсдагсан.

Зүрхэн навчистай хамт гуниг дагуулан будрах намар оройхны цас. Ийм л цастай өдрөөр холын холд сурахаар одсон найз маань өнөөдөр Монголд цас бударч байгааг яаж мэдсэн юм бол. Намайг түүний тухай дурсаж байгааг бас яаж……

Зөвхөн чиний  тухай бодол дагуулах цастай өдрүүдэд зөвхөн чамайг л дурсаж зөндөө удаан ганцаар алхдаг байхад минь чимээгүй байсан хэрнээ.

Тэр нэгэн шинэ жилийн цастай үдэш шинээр би дурласан. Цас шиг цав цагаахан хайраас минь соёолсон цас шиг сахилгагүй хүүтэй болсон. Чамд би үүнийг л хэлэхийг өчнөөн жил хүсчээ.

Цас бударна. Цагаанаас өөр өнгө хорвоод үгүй юм шиг цас бударна. Хэн нэгний тэмдэглэлийн дэвтэрт маань бичиж үлдээсэн энэ шүлэг шиг өнөөдөр цас бударч байна.

Ийм л ер бусын өдөр ертөнц хүртэл гунигладаг юм шиг ээ.

Дахиад л утасны дуу жингэнэж байна.

 Утасны цаанаас хүүгийн маань хөөрхөн инээд. Баяртай, өнө холын цасан ширхэг минь.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж