Инфляци 0.6 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Инфляцийн төвшинг тогтоодог хэрэглээний үнийн улсын индексийн үзүүлэлтээр аравдугаар сарын байдлаар инфляци 0.6 хувиар өсчээ. Энэ нь оны эхнээс 12.9 хувь, жилийн өмнөхөөс 15 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Ингэж өсөх болсонд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн барааны үнэ 4.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Учир нь улирлын байдлаас хамаарч аравдугаар сард ийнхүү иргэдийн хамгийн чухал хэрэгцээтэй цахилгаан, дулаан, усны хэрэглээ нэмэгддэгтэй холбоотой юм. Энэ мэтчилэн тухайн сардаа нийгмийн голлох үйл явдал, улирлын онцлог, иргэдийн хэрэглээнээс хамаарч тухайн сарын инфляцийн үзүүлэлт хэлбэлзэлтэй байдаг юм. Сануулахад, өмнөх саруудад намар болж, хичээл орох цаг үеэр боловсролын үйлчилгээний хөлс буюу ялангуяа их, дээд сургуулиудын төлбөр илт нэмэгддэг байдал болон сар бүр олгож байсан тэтгэмжийн нөлөөгөөр бэлэн мөнгө гар дээрээ авсан иргэд архи, согтууруулах ундаа  хэрэглэх нь ихэсч байсан нь инфляцид нөлөөлж байсан билээ.

 Үндэсний статистикийн хорооноос уг инфляцийн төвшинг 330 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн индекс дээр суурилан судалгаа хийж, тооцдог байна.

 У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж