Ж.Мэндбаярын хэргийг дахин хэлэлцэх үндэслэлгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Ж.Мэндбаярын хэргийг дахин хэлэлцэх үндэслэлгүй гэв

Иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн залилсан "Глоб кредит" ХЗХ-ны захирал Ж.Мэндбаярт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, дууссан байна.  Тодруулбал, дээрх хоршооны хохирогч Н.Цогбаярын хүсэлтийг үндэслэн хэргийг дахин хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцлийг хэлэлцээд хүлээж авах үндэслэлгүй хэмээн үзсэн байна. Шүүх хуралд илтгэгч шүүгчээр Д.Эрдэнэбалсүрэн оролцсон байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэн Н.Цогбаяр нь “Глоб кредит” хадгаламж, зээлийн хоршооноос зээл авсан боловч ХЗХ дампуурсны дараа зээл аваагүй, тиймээс хохирлыг захирал Ж.Мэндбаяр төлөх учиртай хэмээн шүүхэд ханджээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Цогбаярыг “Глоб кредит” ХЗХ-ноос зээл авсан болохыг тогтоож, зохих шийдвэр гаргасан ч прокуророос эсэргүүцэл бичиж, хэргийг дахин хэлэлцэх хүсэлт гаргасныг ийнхүү Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцэж, өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж, хэргийг дахин хэлэлцэх үндэслэлгүй гэж үзжээ.

1000 гаруй иргэнд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан Ж.Мэндбаяр нь одоо ШШГЕГ-ын харьяа хорих 427 дугаар анги буюу Багануур дүүрэгт байрлах хорих ангид ял эдэлж байгаа юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж