АТГ цолны найрааны асуудлыг шалгахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

АТГ цолны найрааны асуудлыг шалгахаар болжээ

Бөхчүүдийн найрааны асуудлыг АТГ-аас шалгахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. Хэдийгээр наадмын дэвжээнд найраа, наймаа хийдэг гэх яриа яригдаж байсан ч баримт нотолгоогүй гээд тэгэсхийгээд өнгөрдөг байв. Харин энэ удаад бөхчүүд “сэргээш” хэрэглэсэн гэх асуудлаасаа болж, дотроо бугшсан асуудлаа ил гаргалаа. Түүнийг энэ жил улсын наадамд шөвгөрсөн улсын арслан Х.Мөнхбаатар өөрийн үгээр батлав.

Өнгөрсөн лхагва гаригт Улсын арслан Х.Мөнхбаатар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Р.Нямдорж гэдэг энэ хүн олон жил намайг нүд үзүүрлэж байсан. 2007 оны наадмаар хүү Н.Ганбаатарыгаа дэмжээд заан болгочих, 70 сая төгрөг өгье гэж байсан. Гэхдээ би татгалзсан. Намайг “Чи яасан овоо хүүхэд вэ, Чи намайг хараарай” гэж байсан” хэмээн ярьсан юм. Үүний хариуд Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж Х.Мөнхбаатар арсланг шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн байгаа.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагадаа “Авлигалын тухай манайд хандахаас гадна чихний хажуугаар өнгөрсөн яриаг ч манайхаас шалгадаг” хэмээн хэлж байсан. Тэгэхээр чихний хажуугаар ч биш олон нийтийн өмнө мэдээллийн хэрэгслээр яригдсан уг асуудлыг АТГ-аас шалгах нь тодорхой болоод байна. Улсын аварга А.Сүхбат өмнө нь бөхчүүдийн найрааны асуудлыг шалгуулахаар АТГ-т хандаж байсан ч тухайн үед шалгалгүй өнгөрөөсөн байдаг. Тиймдээ ч түүнийг уг асуудлаас болж, зодог тайлсан гэдэг. Харин энэ удаад нэгэнт олны түмний өмнө ил гарсан, бүр бөхийн холбооны тэргүүн нь хүртэл орооцолдсон учир АТГ шалгахаар болсон байна. Тэгэхдээ нэн түрүүнд асуудлыг томоос нь эхэлж, МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийг дуудаж шалгахаар болжээ. Мөн улсын арслан Х.Мөнхбаатараас мэдүүлэг авах юм байна. Зөвхөн тэднийг дуудаж шалгаж мэдүүлэг аваад зогсохгүй бөхчүүдийн авлига өгсөн авсан, ард түмнийг хуурсныг мэддэг хүмүүсийг АТГ-т хандахыг хүсэх гэнэ. Юутай ч Р.Нямдорж, Х.Мөнхбаатар нарын хоорондын асуудал бөхчүүдийн дунд бугшсан авилгалын хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах хэмжээнд хүргэлээ. Бөхөө дээдэлдэг монголчуудын хувьд үндэсний бөхийн барилдаан өөрөө шударга өрсөлдөөн байх ёстой. Тэгэхээр авилгалын асуудлыг АТГ-аас шалгах нь маш сайн хэрэг болоод байна.

Б.ЧИМЭГ

Эх сурвалж: www.24tsag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж