Олон улсын стандартад нийцсэн спортын бэлтгэлийн төвийг барьж байгуулахад ойролцоогоор 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө мөнгө шаардагдах юм байна. Санхүүжилтийг МҮОХ-ны топ түншүүд, спортын холбоодын ивээн тэтгэгчид, бусад төсөл хөтөлбөрөөс гаргахаар шийдвэрлэжээ. Хамгийн гол нь энэ төвийг барихад стандартад нийцсэн талбай зай хэмжээтэй, гэрэлтүүлэг, орчин нөхцөл сайтай чанарын шаардлага хангасан төдийгүй олон улсын стандартад нийцсэн байх хэрэгтэй гэж спортын холбооныхон үзэж байна.
Спортын бэлтгэлийн төвийг барихад 45х28 метр хэмжээтэй газар талбай шаардагдах юм байна. Мөн 10-15 давхар барихаар, манай оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 23 спортын төрлөөр бэлтгэл сургуулилтаа хангахуйц байхаар төлөвлөжээ. Барилгын зураг төслийг “Эй-Эн-И-И” компани хийх бол гүйцэтгэгчээр “Нийслэл өргөө” компани ажиллахаар болсон байна.
Олон улс, тив, дэлхий цаашлаад олимпийн дэвжээнд өрсөлдөхөд стандартад нийцсэн зай талбай гэрэлтүүлэгтэй зааланд бэлтгэл сургуулилтаа хийх ёстой. Үүнийгээ дагаад ч тамирчдын амжилтын түвшин харагдаж илүү сайжирна. Харин одоо энэ асуудлыг шийдвэрлэх бодит ажлын анхны алхам тавигдаж байгааг спортын холбоодын удирдлага, мөн тамирчид баяртайгаар хүлээн авч тэдний зүгээс чадах зүйлээрээ туслаж хөрөнгө оруулалт дээр ч хамтарна гэдгээ хэлж байлаа.