Экс гишүүд хаана явна?

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Экс гишүүд хаана явна?

УИХ-ын 2012 оны сонгуулиар өмнөх парламентын гишүүдийн яг тал нь явж, яг тал нь эргэж ирсэн. Дахин сонгогдож чадаагүй экс гишүүд чухам хаана, юу хийж яваа нь сонирхолтой. АН-ын экс гишүүдийн зарим нь Засгийн газарт зөвлөх, сайдаар ажиллаж байгаа. Тэднээс хамгийн “давгүй” ажил хийж байгаа нь хотын дарга Э.Бат-Үүл. Мөн экс гишүүн Я.Батсуурь “Эрдэнэс Таван толгой”-н захирал, П.Алтангэрэл Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга болсон. Харин МАН-ын хуучин гишүүд арай ч лааз өшиглөхгүй цөөнх нь намдаа зүтгэж, олонхи нь хувийн бизнесээ хөөж байна. Харин тахимаа өгөх болоогүй гэж боддог Д. Очирбат, Э.Мөнх-Очир, Ц.Цэнгэл, Ш.Сайхансамбуу  зэрэг МАН-ын зарим эрхмүүд “Нээлттэй парламент” гэдэг төрийн бус байгууллага байгуулж, одоогийн 76-г хянах гэнэ.

   Өмнөх дөрвөн жил парламентад суусан энэ эрхмүүдээс дахин сонгогдсонгүй, ямар нэг өндөр албан тушаалд очсонгүй гэж гомдлохгүй байгаа хоёр л хүн байгаа аж. Тэд бол бие даагч гишүүн З.Алтай, УИХ-д дахин нэр дэвшихээс өөрөө татгалзсан Д.Энхбат нар. З.Алтай өөрийн өсгөж бойжуулсан 25-р суваг телевизийн зөвлөхөөр ажиллаж, ганц хоёр нэвтрүүлэг санаачилсэн шигээ сайн өвөөгийн үүргээ гүйцэтгэж байна. Харин экс гишүүн Д.Энхбатын хувьд “Мон судар” компаний “Соён гэгээрлийн өдрүүд”-эд лекц уншин залуучуудыг гэгээрүүлж явна.

  Бас нэгэн сонирхолтой баримт дурдахад 2008-2012 оны парламентад сууж байсан экс гишүүдийн дөрөв нь шүүхийн хаалга татаастай байгаа юм. МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдсон Ц.Батбаярын хэргийг тусгаарлан АТГ-аас шалгаж байгаа бол гишүүн асан Х.Наранхүү мөн л Н.Энхбаяртай холбогдон гэрчээр дуудагдаж байна. Мөн гишүүн асан Д.Дондогийг мөнгө завшсан гэдгийг прокурорууд мэдээлж, хэргийг нь удахгүй шүүхэд шилжүүлэх гэж байгаа бол Ц.Мөнх-Оргил долдугаар сарын нэгний хэргээр гэрчийн статустай байгаа юм.
hhhhhhhhh

Эх сурвалж: http://www.24tsag.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж