Чөлөөт, шударга сонгууль явуулахад улс төрийн намуудын төлөвшил, сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагаа, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн байгууллагууд гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэдгээрийн дотор сонгуулийн менежмент, сонгуулийн технологи чухал байр суурь эзэлдэг. Улс төрийн менежментийн ухаан нь улс төрийн хөшигний цаана болж буй ашиг сонирхлын бүлгүүдийн харилцаа, шийдэл, түүнд хэрэглэдэг технологи, сонгуулийн стратегийг хөндлөнгөөс судалдаг салбар ухаан болохыг зохиогчид онцолжээ. Тэд номоо улс төрийн менежер, сонгуулийн стратегич, олон нийтийн харилцааны зөвлөхүүд, иргэдийн санаачилга, хөдөлгөөн, төрийн бус байгууллагын удирдлагуудад зориулан гаргасан байна.
Сонгуульд ялах стратегид суралцах, дандаа ялдаг стратегич болох, штабаа хэрхэн зохион байгуулах гээд нарийн чимхлүүр урлагт энэ номоос суралцаж болох ажээ.