Нисэх буудлын тендерт саналаа ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Нисэх буудлын тендерт саналаа ирүүлжээ

Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийг хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг  Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2008 оны тавдугаар сард байгуулсан юм. Тиймээс уг барилгын ажлын зураг төслийг Япон улсын “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компаниуд 2009-2011 онд боловсруулж дуусган, төслийн дагуу нисэх буудлын үндсэн барилга байгууламжуудыг барих ажлыг Японы барилгын мэргэшсэн байгууллагууд гүйцэтгэхээр зээлийн гэрээнд заасан байна.
 
Үүний дагуу Зам, тээврийн сайдын тушаалаар Үнэлгээний хороо байгуулагдаж ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах санал хүлээн авах ажиллагаа өнөөдөр  боллоо. Тендерт Японы хоёр хуулийн этгээд оролцох сонирхлоо илэрхийлэн саналаа ирүүлснийг Үнэлгээний хороо албан ёсоор хүлээн авсан байна. Үнэлгээний ажлыг хоёр үе шаттай хийх бөгөөд эхний ээлжинд техникийн саналыг үнэлж, үүний дараа санхүүгийн саналыг үнэлэх аж.

Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын шинэ нисэх буудал баригдсанаар одоогийн нисэх онгоцны буудлын үйлчилгээнд тулгараад байгаа хүндрэлүүд арилж, нислэгийн аюулгүй ажиллагаа дээшилж Монгол Улсын иргэний агаарын тээврийн хөгжил шинэ үе шатанд гарах юм байна. Харин шинэ нисэх буудал 2016 оны аравдугаар сард ашиглалтад орно. Хүчин чадлын хувьд жилдээ  гурван сая зорчигч хүлээн авч, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс үл хамааран 24 цагийн турш агаарын хөлөг хүлээн авах хоёр талын оролт гаралттай зурвас, нислэгийн хөдөлгөөнийг удирдах цамхаг болон бие даасан дэд бүтцийн байгууламжийн хамт баригдах юм.

Монгол-Японы хамтарсан төслийн багийн инженерүүд цаашид шинэ нисэх буудлыг жилдээ 18 сая хүртэл зорчигч хүлээн авах хэмжээнд өргөтгөж болохоор зай талбайг нөөцлөсөн төлөвлөлтийг хийжээ.  Зээлийн гэрээнд хүлээсэн үүргийн дагуу 2012 онд Монгол Улсын Засгийн газраас 110 квт-ийн бие даасан хоёр эх үүсвэртэй шугам, шилэн кабелийн шугам, үерээс хамгаалах далан зэрэг нийт 14 тэрбум орчим төгрөгийн ажлыг эхлүүлсэн байна. Мөн Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэ нисэх буудал хүрэх замын ажлын эхний хэсэг болох зургаан эгнээ бүхий 17,7 км замын өргөтгөлийг 2013 онд дуусгахаар ажиллаж байгаа юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж