Чингист зориулсан “Тавт” өргөл

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Чингист зориулсан “Тавт” өргөл

Эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулсан “Их Монгол” хүндэтгэлийн цэнгүүн 2012 оны арваннэгдүгээр сарын 14-нд Соёлын төв өргөөнд болно. Гэхдээ уламжлалт төрийн концертоос арай ондоо. Цэнгүүнд Монголын шинэ цагийн хөгжмийн урлагийн томоохон төлөөлөгчид болох таван Хөгжмийн зохиолчийн үе үед бүтээгдсэн морин хуурын таван Концертыг үзэгчдэд толилуулах юм. Харин эдгээр концерт тус бүрийг таван Удирдаач дохиж амьдруулна. Тэгээд ч зогсохгүй таван өөр Морин хуурч эдгээр бүтээл дээр гоцлох бөгөөд тэд мөн таван Уртын дуучинтай хөг аялгуу нийлүүлж, тэднийг таван Бүжиг дэглээч дэмжиж, бүжгийн хэлээр “омогшуулна”.

“Омогшуулна” гэх үгийг хэрэглэхээс өөр аргагүй. Монгол уламжлалт соёлын охь болсон уртын дуу, морин хуур дээр шинэ соёлын манлай болсон концерт, бүжиг, маэстрогийн урлаг нэмэгдэж Богд эзэнд урлахуйн өргөлийг үрс хойч нь өргөж байгаа хэрэг.

“Тав тавласан” (монгол туулийн хэллэг – ред.) энэ цэнгүүн энэ онд луу жилийн босгон дээр болсон өөр нэгэн цэнгүүнийг эрхгүй санагдуулж байна. Язгуур урлагийн залуу таван хамтлаг (Алтан Ураг, Домог, Хөсөгтөн, Арга Билэг, Жонон) түүхэнд анх удаа хамтран тоглосон “Монгол” нэртэй энэ тоглолт үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Энэ тоглолтыг Төрийн соёрхолт Догмидын Сосорбарам санаачлан, найруулан тавьсан юм. Одоо болох тоглолт ч яг энэ маягаар энэ уран бүтээлчтэй холбогдож байна.

Монголын урлаг, оюуны ертөнцийг илтгэх “Таван элемент” агуулсан цуврал бүтээлийг сэдэж, хэрэгжүүлэх бодолтой байгаагаа Д.Сосорбарам анхныхаа “Монгол” тоглолтын үеэр мэдэгдэж байсан юм. “Тав” гэдэг тоо нь тохиолдлын бус. Билэг, бэлгэдэл зүйн хосгүй соёл, уламжлалыг тээгч монголчуудын хувьд “таван махбодь”, “таван мэдрэхүй”, “таван өнгө”, “таван зүг”, “таван эгшиг”, “таван тансаг” гэсэн ойлголт байхаас гадна “Тав”-ын тоо нь эрч хүчийг илтгэдэг нэн эртний бэлгэдэл болох тухай доктор, профессор С.Дулам тун тодорхой өгүүлсэн байдаг. Харин энэ удаагийн “арай олон” таван махбодь оролцсон тоглолтоо Д.Сосорбарам эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ой энэ онд тохиож байгаад бэлгэшээн их хаанд зориулсан хүндэтгэлийн цэнгүүн болгож үзэгчдэд толилуулахаар шийджээ. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яам ихээхэн дэмжлэг үзүүлж байна.

 “Их Монгол” цэнгүүн энэ сарын 14-нд 15, 19 цагаас хоёр удаа тоглогдоно. Тоглолтонд оролцох, эгшиглэх бүтээлчид болон бүтээлийг толилуулъя (цагаан толгойн дарааллаар):

1. Хөгжмийн зохиолч, концерт:
    Н.Жанцанноров “Морин хуурын концерт”
    Б.Мөнхболд “Морин хуурын концерт”
    Ц.Нацагдорж “Морин хуурын концерт”
    З.Хангал “Морин хуурын концерт”
    Б.Шарав “Морин хуурын концерт”

2. Удирдаач:
    Ж.Бүрэнбэх
    Р.Ганбат
    Б.Нямдорж
    Д.Нямдаш
    Н.Туулайхүү

3. Уртын дууч:
    Б.Батмэнд
    Э.Болормаа
    Мөнхбаатар
    А.Түмэн-Өлзий
    Г.Энхбаатар

4. Бүжиг дэглээч:
    Д.Баярбаатар    
    Л.Ганчимэг
    А.Даваахүү
    С.Сүхбаатар
    Д.Энхгэрэл

5. Морин хуурч:
    А.Батсайхан
    М.Бүргэдбаатар
    Н.Жигжиддорж
    О.Чулуунбаатар
    Д.Шинэцог

6. Этник хамтлаг:
    Алтан Ураг
    Арга Билэг
    Домог
    Жонон
    Хөсөгтөн

Увертюра хамтлаг, эмэгтэй дуучдын тавал

    
Улмаар “таван махбодь” бүхий цувралаа үргэлжлүүлэх сонирхолтой төлөвлөгөө Д.Сосорбарамд байгаа ч тэрээр тодорхой мэдээлэл дэлгэхгүй байна. “Дэлхийн шилдэг таван симфони”, “Дэлхийн сор болсон 5 удирдаач” гэхчлэн жагсаалт үргэлжлэх бололтой.

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж