
Аймгийн Засаг дарга П.Ганхуягийн мэдээллээр бол энэ удаагийн аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан намаас 300 хүн нэр дэвшжээ. Тэдгээрийн 34 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл бол 22 хувь нь 35 хүртэлх насныхан аж. Тэд “Ардчилсан засгаараа дэмжүүлье, аймаг, сумдаа үйлдвэржүүлье” уриатайгаар орон нутгийн сонгуульд оржээ. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн үеэр нутгийн ард иргэдээс гарсан санал бодлуудыг тусгасан. Ингэхдээ аймгийн төв 14 сумынхаа хөгжлийн төлөвлөгөөг 10-15 жилээр гаргаад буй аж.
Мөн Сайншанд хотыг аж үйлдвэрлэлийн хот болгон хөгжүүлэх их ажлын шав эхнээсээ тавигджээ. Тухайлбал, аймгийнхаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг бүрэн тохижуулж захиалгаар мэргэжилтэн бэлтгэх боломжтой болсон байна. Төмөр замын коллежи байгуулж эхний 200 төгсөгчийг ажлын байраар хангажээ. Аж үйлдвэрийн цогцолборын хүрээнд таван том үйлдвэр баригдахын зэрэгцээ дагавар 50 жижиг үйлдвэр баригдах гэнэ. Аж үйлдвэрийн цогцолбор байгуулагдсанаар 60-70 мянган хүн ажлын байраар хангагдах аж.
Уулзалтад Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга, О.Чулуунбилэг, Э.Батсуурь, Б.Анхбаяр, Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга П.Ганхуяг, АН-ын дэд дарга, аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбардах болон албаны бусад хүмүүс оролцлоо.