“Энэ миний бичсэн анхны жүжгийн хөгжим”

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

“Энэ миний бичсэн анхны жүжгийн хөгжим”

Хөгжмийн
зохиолч С.Сансаргэрэлтэх өчигдөр эх орондоо ирлээ. Холын Америкаас
нутагтаа хөл тавингуутаа түүний очсон газар нь УДЭТ. Энд түүний
төрүүлсэн шинэ бүтээл амилж буй учир  гэрээрээ ч оролгүй ийн яарсан
гэнэ. Театрынхан ч түүнийг тэсч ядан хүлээсэн гэнэ. Түүнтэй ярилцлаа.

-Онгоцноос буумагцаа ажилдаа яарсан бололтой. Ээжтэйгээ уулзаж амжсан уу?

-Ирээд
шууд ээжтэйгээ уулзсан. Ээж эгчтэйгээ хамт өдрийн хоол идлээ. Тэгээд л
ажилдаа шууд орж байна. Ажил ч гэж дээ. Айхавтар ажил байхгүй. 

-“Гамлет” жүжигт ажиллах саналыг хэн тавьсан бэ?

-Жүжгийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар тавьсан.

-Жүжгийн хөгжим туурвихад хэр их хугацаа зарцуулав?

-Яг сайн санахгүй байна. Гэхдээ бараг хоёр сар болсон шүү.

-Хэцүү байв уу?

-Ер
нь амархан бүтдэг юм гэж байхгүй. Мэдээж хэцүү үедээ хэцүү л байна.
Хүмүүс уран бүтээлийг  дүгнэхдээ “Уран бүтээлч хүн сайхан юм” гэдэг.
“Дуртай юмаа хийгээд” гэдэг. Үгүй шүү дээ. Яс юман дээр дуртай зүйлээ
хийгээд сайхан амьдардаг хүн байдгийг мэдэхгүй. Харин чаддаг юм бол өөр
хэрэг. Тухайлбал, намайг харандаа цаас, хадаас  алх бариад гүүр барь,
инженерийн ажил хий гэвэл чадахгүй. Дуртай байгаад ч би чадахгүй.
Тэгэхээр чаддаг юм нь хөгжим. Чаддаг юмаа хийхэд ч ямар нэгэн байдлаар
цаг хугацаа орно. Сэтгэл санаа ч бас орно. Шанална, хөдөлмөрлөнө.
Тэгэхээр амархан гэж хэлж болохгүй. Гэхдээ бас зовлон гэж хэлж болохгүй.

-“Гамлет”-ын хөгжим таны өмнө нь хийж байсан уран бүтээлээс юугаар онцлог байв?

-Уран
бүтээл өөрчлөгдөж явдаг. Хүн яагаад нэгдүгээр симфони биччихээд
хоёр­дугаархыг нь бичдэг юм. Эхнийхтэйгээ адилхан хийхийг боддоггүйд л
байгаа юм. Тэгэхээр өмнө нь ажиллаж байсан бүх зүйлээс өөрөөр бичихийг
эрхэмлэнэ. Ер нь уран бүтээлч хүн юм юмнаас амсч, үзэж явдаг. Тэгэхээр
мэдээж хэрэг өөр. Өмнө нь би жүжгийн хөгжим бичиж үзээгүй байсан. Энэ
миний анхны жүжгийн хөгжим. Анхных анхныхдаа бүр дэлхийн сонгодог уран
бүтээлд бичиж байгаа учраас их бэлгэшээсэн.

-Та мэдээж “Гамлет”-ыг эх зохиолоор нь уншсан байх. Жүжиг болгосныг нь уншихад ямар сэтгэгдэл төрөв?

-Энэ
жүжиг чинь ерөөсөө дэлхийд танигдсан эртний сонгодог бүтээл. Ер нь уран
бүтээлийг яг түүний, үүний тухай гэж хэлэх өрөөсгөл. Уран бүтээлч хүн
зарим тохиолдолд яг юуны тухай хэлэх гээд байгаагаа мэдэхгүйгээр хийсэн
тохиолдол ч байдаг. Зураг ч ялгаагүй. Нэг юмыг зурах гэж байгаад сүүлдээ
өөрчлөгдөөд огт өөр юм болсон тохиолдол ч байдаг. Тэгэхээр “Гамлет”-ыг 
Шекспир яг юу бодож байгаад бичсэнийг хэн ч хэлж зүрхлэхгүй гэж бодож
байна. Үүнийг зөвхөн тоглолтыг нь үзсэн хүмүүс хэлэх байх. Хүн гэдэг
нийгмийн нэг тасархай. Нийгэмшиж амьдардаг. Харин тэр нийгэм нь төрөөр
зохиц­уулагддаг. Тэгэхээр төрийн тухай олон санааг энэ зохиолд гаргасан 
Манай нийгэмд ийм учраас энэ жүжиг тавигдаж байгаа юм гэж хэлэхэд
хэцүү. Тийм учраас уран бүтээл бол уран бүтээл. Үүнийг хүн хэрхэн ойлгож
авах, юу гэж бодох нь тухайн хүний эрх. Уран бүтээл гэдэг чөлөөт
ертөнц. Тиймээс өөрийнхөөрөө ойлгож болно. Хажуугийнхаа хүнийхээр ч
ойлгож болно. Эсвэл зохиогчийн хэлснээр ойлгож болно. Бүр тэс ондоогоор ч
ойлгож болно. Тэгэхээр би бол “Гамлет” гэдэг жүжгийг “Гамлет” жүжиг л
гэж ойлгодог.

-Уг жүжгийг одоогоос хэдэн жилийн дараа дахин
тоглохыг хэлж мэдэхгүй юм. Магадгүй арав, хорин жилийн дараа дахин
тайзнаа тавихаар болж, танд хөгжмийг нь бичих санал тавибал яах вэ?

-Бичнэ.
Маш дуртайгаар хүлээж авна. Яагаад гэвэл тэр үед тавих найруулагч
Н.Наранбаатар ч байсан, хэн ч байсан гэсэн энэ жүжгийг үзэх өнцөг нь
өөрчлөгдсөн байна. Тэр үед нийгэм ямар байх вэ. Энэ жүжгийг 33 жилийн
өмнө тавьсан гэж байгаа. Тэр үед ямар нийгэм байсан билээ. Тэгэхэд 
хэрхэн тавьсан нь бас асуудалтай. Харин өнөөдөр энэ нийгэм ямар байна.
Жүжгийг хэрхэн тавьж байна. Найруулагч маань яаж найруулж байна гэдэг нь
бас л асуудал. Тэгэхээр мэдээж 20 жилийн дараа ч юм уу тавихад өнцөг нь
өөрчлөгдсөн байна. Гол нь жүжгийн цөм нь хэвээрээ байх учиртай.
Найруулга, хэлбэр л өөрчлөгдөнө. Тэгэхээр мэдээж хөгжим ч бас өөрчлөгдөх
байх. Би “Гамлет”-ын янз янзын тавилтуудыг үзсэн л дээ. Судалгаа хийж
үзсэн. Маш олон янз байдаг юм билээ. Англичууд нь өөрсдөө хошин
хэлбэрээр хүртэл тавьжээ. Манайхан хошин шог гэж ярьдаг шиг. Их сонин.

-Үзэгдэл бүрт өөр өөр хөгжим бичсэн гэсэн. Аль үзэгдэл дээр ажиллагаа их байв?

-Бүх
үзэгдэлд адилхан. Ер нь жүжиг өөрөө цогц бүтээл учраас тэр үзэгдэл 
илүү санагдаж байна, үүн дээр яахав дээ гэх юм байхгүй. Эхнээсээ
авахуулаад жүжиг ингэж эхлээд, ингэж өрнөөд, ингэж дуусч байна. Бүх
детали чухал байсан л даа.

-Та хэр удах вэ, нутагтаа?

-Тав хоногийн хугацаатай ирсэн.

-Эх орондоо ирж уран бүтээлээ туурвих бодол бий юу?

-Бүтээлийг
заавал Монголд ирж байж хийнэ гэдэг ойлголт буруу л даа. Яагаад гэвэл
уран бүтээлч хүний ганц гоё зүйл нь орон зай. Би олон сэтгүүлчид хэлж
байсан. Хэрэв би Монголдоо мундаг малчин, гавьяат барилгачин ч юм уу
байсан бол үүндээ л анхаарч ажиллах байсан байх. Харин уран бүтээлч
гэдэг өөр. Би  монгол учраас надаас гарч байгаа бүтээл монгол. Тэгэхээр
энэ бол хязгаар байхгүй. Монголд ирж хийсэн ч монгол л бүтээл төрнө.

-“Гамлет”-аас өөр ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Хоёр
киноны хөгжим хийгээд явж байна. Нэг нь “Ану хатан” кино. Нөгөө нь
зургаа дөнгөж дуусгаад байгаа бүтээл. Киноны зохиогчоос нь зөвшөөрөл
аваагүй учраас түүнийг зарлаад баймааргүй байна. Их сайхан кино.
Монголын орчин цагийн амьдралыг харуулсан гадаад ертөнцөд нэвтрэх кино
болно гэж найдлага тавьж байгаа. Уран бүтээлийг яг ямар өнцгөөс харж,
хэн юу хийв гэдгээс уран бүтээлчдийг сонгож авдаг. Түүнээс уран
бүтээлийг үзэгчид сонгохоос илүү уран бүтээл үзэгчдээ сонгодог. Тэр
бүтээл бол Монгол XXI зуунд ямаршуухан байдлаар хөгжиж байгааг
тусгасан. 

-Таныг уран бүтээлээ туурвихад юу хөглөдөг вэ?

-Сэтгэлийн хөдлөл. Ер нь  “Гамлет” ч бай, өөр бүтээл ч бай хийхэд түүндээ л сайн орж, согтож чадах юм бол болно.

О.МӨРӨН
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж