“Sweetymotion” төрсөн өдрөө нижгэр тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” төрсөн өдрөө нижгэр тэмдэглэнэ

“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 23, 24-нд “АСА” циркт 15 жилийн ой буюу хамтлагийн төрсөн өдрөө фенүүдтэйгээ анх удаа тэмдэглэхээр товоо зарласан билээ. Тус хамтлагийн дуучин Ц.Сарнай, Э.Ганболор нартай уулзаж, тоглолтын эргэн тойрон дахь сонин хачнаас хуваалцлаа.

-Тоглолт тун удахгүй болно. Анх удаа фенүүдтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэхээр хэр яарч, догдолж байна даа?

-Мэдээж догдлон хүлээж сууна. 1997 онд байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд бид сонсогч, фенүүдтэйгээ хамт төрсөн өдрөө тэмдэглэж байгаагүй. Анх удаа 15 жилийнхээ ойг тохиолдуулаад тоглолт хийж, фенүүдтэйгээ уулзах гэж байна. Тоглолтод хамгийн анхны дуунуудаас эхлээд дурсамж өгүүлсэн бүхий л дуунууд маань эгшиглэнэ. Мэдээж хуучны дуунууд тухайн цаг үетээ гоё байсан. Харин одоо арай өөр болгох ёстой. Чинбаа маань хуучны дуунуудыг дахин шинэчлэн найруулж байгаа. Тэсэн ядан хүлээж байна.

-“Sweetymotion”-ий бүсгүйчүүд “Playboy Mongolia” сэтгүүлийн нүүрэнд хагас нүцгэн зургаа авахуулсан. Төрсөн өдрийн ээлжит нэг сюрприз гэж ойлгож болох уу?

-Ер нь Америкийн бүхий л жүжигчид, дуучид эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан хагас нүцгэн зургаа сонин, сэтгүүлийг нүүрэнд тавьдаг шүү дээ. Монголд үүнийг буруугаар ойлгох гээд байдаг. Бидний хувьд үргэлж ийм хагас нүцгэн зураг авахуулаад байх сонирхолтой биш. “Playboy”-д зургаа гаргах болсон шалтгаан маань бид эмэгтэй уран бүтээлч, залуу хүмүүс. Ид гоё цэцэглэх насандаа уран бүтээл хийгээд явж байгаа учраас амьдралд ганцхан тохиолдох зүйл гэж бодож, авахуулсан. Олон жилийн дараа эргээд дурсахад гоо сайхнаа харуулсан гоё зурагтай байх болов уу гээд авахуулсан. Бүтэн нүцгэн зураг биш шүү дээ /инээв/

-Танай хамтлагийн түүхийг өгүүлэх комик цувралаар гарч байгаа гэсэн. Энэ тухайд?

-Комик бид нарт маш их таалагдаж байгаа. Эхний ээлжинд 15 жилийн ойдоо зориулаад 15 комик гарч байгаа. Хамтлагийн маань 15 жилийн түүхийг он цаг хугацаатайгаар үзүүлж байгаа учраас манай Т.Солонго ч энэ комикт багтсан. Бидэнд онцлог үйл явдал, амьдралын маань хэв маяг болсон тодорхой зүйлүүд энэхүү комикоор үзэгч, фенүүдэд маань хүрнэ. Эхний ээлжинд гурван цуврал комик маань гарсан. Манай фейсбүүк цахим хуудсанд байгаа. Цаашид ч  олон гоё цуврал гараасай хэмээн хүсч, ярьж байгаа.

-Комикийг ямар залуус урлаж байна вэ?

-Манай комикийг ахалж хийж байгаа Эрдэнэбаяр нь “Бонго”-ын “аав” юм байна лээ. Авьяастай залуу. Бидэнд маш их таалагдаж байгаа. Бид тэр бүр телевиз үзэж амждаггүй ч Бонгыг мэддэг, тааралдаж байсан. Бид нараар хүүхэлдэйн баатар хийх санаатай байгаа. Тэр нь үүгээр эхэлж байгаа юм.

-“Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн тоглолтод танай хамтлаг дуулж байсан. Танай төрсөн өдрийн тоглолтод өөр уран бүтээлчид оролцох уу?

-Бидний 15 жилийн түүхэнд ямар нэгэн байдлаар бидэнтэй холбогдсон хүмүүс мэр сэр багтаж байгаа. Албаар би нэрийг нь цохож хэлэхгүй байгаа шүү дээ /инээв/. Тоглолтын хувьд хуучин, шинэ хүмүүст хүрсэн олон дуунуудаа хүргэхийг зорьж байгаа. Одоогоор тоглолтод дуулагдах дууны жагсаалт гурван цаг давчихсан. Бүгд л гоё дуу байдаг, хасч чаддаггүй. Хэдэн жилийнх нь амьдрал бид нарын дуунуудтай холбогдчихсон хүмүүс байдаг. 

-Шинэ дуу эгшиглэх үү?

-Сонсоогүй, шинэ дуу гэвэл бидний цомогт багтсан, гэхдээ клипжүүлж амжаагүй дуунууд л байгаа. Түүнээс биш цоо шинэ дуу бол ороогүй.

-Клипний тухайд?

-“Хайрласан хайр”-ын дараа “Хайрын замд” гэдэг дуугаа гаргасан байгаа. Бидэнд эхэлсэн маш олон клип байгаа. Одоохондоо тоглолт дөхчихсөн учраас клип гэхээс илүүтэй тоглолтдоо анхаарлаа хандуулсан нь дээр байх гэж бодсон. Тоглолтын дараагаас шинэ клипүүд ар араасаа цувран гарна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж