Багш роботууд хичээл зааж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Багш роботууд хичээл зааж байна

Английн Бирмингем хотын “Topcliffe” бага сургуульд “Autistic children” буюу хүнтэй харьцахаас айдаг сэтгэл зүйн эмгэгтэй хүүхдүүдэд багшийн оронд робот хичээл зааж байгаа гэнэ. Тус сургуульд багшийг орлох хоёр робот “ажиллаж” байгаа нь Макс, Бен гэх нэртэй аж. Роботууд өнгөрсөн гуравдугаар сараас хойш ийнхүү хүүхдүүдэд хичээл зааж байгаа бөгөөд “Topcliffe” сургууль Английн хэмжээнд анх удаа сургалтдаа робот ашиглаж буй сургууль болжээ.

Тус сургуулийн багш Лейн Лоугийн хэлснээр “Робтуудад ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүй учраас багшийг орлож байдгаараа давуу талтай” гэнэ. Анагаах ухааны хэллэгээр хүнтэй харьцахаас айх өвчтэй хүүхдүүд буюу “Autistic children” нь насанд хүрсэн хүмүүс, тэр дундаа багш нар болон үе тэнгийнхэнтэйгээ харьцахаас үргэлж айж, эмээдэг учраас хүүхдүүд, багш нарт уг роботууд ихээхэн тустай аж.

 “Autistic” хүүхдүүд хүний нүд рүү харахаас хамгийн ихээр айдаг аж. Түүнчлэн тус сургуулийн багш нарын мэдээлж байгаагаар роботууд ихэвчлэн 5-10 насны хүүхдүүдэд хичээл заадаг, сурагчид ч үүнд таатай байгаа гэнэ.

Бирмингемийн их сургуулийн судлаачид роботуудад хэл ярианы программ суулгасан бөгөөд хамгийн гол үүрэг нь хүнтэй харьцахаас айдаг хүүхдүүдийн хамгийн суурь чадвар болох бусадтай ярилцах ярианы чадварыг хөгжүүлэх гэнэ.

Багш роботуудыг Францын “Aldebaran” үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд  тус бүр нь 15000 евро буюу 19650 ам.долларын үнэтэй юм байна.
  

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж