Иргэний нисэхийг хөгжүүлэх бодлогын бичгийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Иргэний нисэхийг хөгжүүлэх бодлогын бичгийг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байлаа. Төслийн танилцуулгыг Зам, тээврийн сайд А.Гансүх хийлээ.

Далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд агаарын тээвэр нь стратегийн чухал ач холбогдол бүхий салбар бөгөөд цаашид эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг болохын хувьд агаарын тээврийн салбарыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, хөгжүүлэх шаардлагатай гэж  үзэж Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын төслийг нийт 11 бүлэг, 27 заалт, 61 дэд заалттайгаар, хөгжлийн стратегийг 2024 оныг хүртэл хамрахаар тооцож боловсруулсан гэдгийг тэр онцоллоо.

Тогтоолын төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Агаарын нислэгийн компаниудын өрсөлдөөн бий болгох нь зүйтэй” гэсэн санал гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 17 дугаарт жагсдаг манай орны хувьд агаарын орчныг ашиглан орлого олох цаг болсон” гэлээ.

Үүний дараа гишүүд асуулт тавив. Тухайлбал, Ц.Нямдорж “МИАТ компани онгоц худалдаж авах эсэх талаар Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарч байсан. Энэ асуудал юу болсон бэ” гэлээ. Хариуд нь Зам, тээврийн сайд А.Гансүх “2012 онд эхний нэг онгоц, дараагийн хоёр нь 2013 онд орж ирнэ гэсэн боловч, хөрөнгө мөнгө, санхүүжилт нь бүрэн шийдэгдээгүй байгаа. Санхүүжилтийн 85 хувь нь Гадаадын банк 15 хувь нь Монгол Улсаас гарах ёстой байсан” гэлээ.

УИХ-ын гишүүн А.Бакей “МИАТ-ийг хувьчлах шаардлага бий юу, хувьчилсан тохиолдолд ямар үр дүнд хүрэх вэ. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг хаана барихаар шийдвэрлэсэн бэ” гэх асуултад сайд А.Гансүх “Олон улсын бичиг баримтанд Үндэсний агаарын тээвэрлэгч компани гэсэн нэршил байдаг. МИАТ-ийн 51-ээс доошгүй хувь нь төрийн мэдэлд байх, удирдлагуудын тодорхой хувь нь монголчууд байх ёстой зэрэг асуудлыг бодлогын бичиг баримтад тусгасан. Өмнө нь улстөрийн шалтгаанаар МИАТ-ийн захирал сүүлийн 10 жилд долоон удаа солигдож байсан зэрэг асуудал гарч байсан. Бодлогын бичиг баримтад тусгаснаар улстөрийн болон эдийн засгийн эрсдэлийг бууруулж, ашигтай ажиллана гэж тулгуурласан” гэлээ.

Иргэний нисэхийн бодлогын танилцуулгад тусгаснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх компаниуд, бүх асуудлыг нэгтгэх зорилгоор Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг оруулж ирж байгааг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар онцоллоо.

Г.Баярсайхан гишүүн “Хүчин чадлыг хэрхэн сайжруулах вэ” гэсэн асуултад сайд А.Гансүх “Одоогийн хүчин чадлыг сайжруулахын тулд 1,2 сая төгрөг шаардлагатай. Өргөжүүлэх, шинэчлэхээр нээлттэй тендер зарласан. Үүнд Японы хоёр компани саналаа ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор санхүү, хөрөнгө мөнгийг ярилцаж байгаа” гэв.

Гишүүдийн зүгээс нисэхийн үйлчилгээ үзүүлдэг олон компани байдаг. Гэвч дотоодын нислэгийн үнэ өндөр байдгийг шүүмжлэв. Энэ тухайд салбарын сайд нь “Дотоодын нислэг үйлдэж буй компаниуд бүгд  нэг монополь команиас шатахуун авдаг. Тиймээс үнэ буурахгүй байгаа. Энэ талаар бодлогын бичиг баримтад тусгаж, хэрхэн ажиллахаа тусгасан байгаа” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүд Хөшигтийн хөндийд баригдаж буй нисэх онгоцны буудал он удаа жил яригдаж байгаа ч одоогийн “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас хүчин чадлын хувьд илүү сайн зүйл байхгүй гэдгийг Үүнд салбарын сайд нь “Японы буцалтгүй тушламжаар Хөшигтийн нисэх онгоцны буудлыг барьж  байгаа. Япон улсын хувьд  хөрөнгө мөнгөнд баригдаж зураг төсөл хийсэн гэдэг тайлбар өгч байгаа. Тиймээс үүнийг дахин хэлэлцэх хэрэгтэй байгаа” гэсэн юм.

Үүний дараа санал хурааж,  “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай”  төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж