-Намайг багад манайх их олон хурдан адуутай айл байлаа. Тийм болохоор хүүхэд байхын л хурдны морь унаж өссөн хүн. Харин моринд томдоод ирэхийн үест өөрөө гардан морь уяж, аав, ах хоёрынхоо нэр дээр уралдуулдаг байсан. Ингээд 1968 оноос хойш өөрийнхөө нэр дээр уралдуулах болсон юм даа. Морины дэл сүүл боогоод тавь шахам жил болсон байна. Өмнө нь багш явсан болохоор хүмүүс уяач гэхээсээ илүүтэй Агваан багшаа л гэдэг юм. Хожмоо сургууль соёлд сураад дөрвөн жил хэртэй морь уялгүй завсарласан. Гэхдээ амралтаараа хөдөө очиж морины ажилд тусалдаг л байлаа.
-Хаана багшилж байсан бэ?
-Багшийн албанд хорь гаруй жил зүтгэлээ. Сүхбаатар аймгийн төв, Бүрэнцогтын уурхай, Түмэнцогт, Уулбаяныхаа сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
-Та тэгэхээр удам залгасан уяач байх нь ээ?
-Тийм ээ. Миний аав их сайхан хурдан адуутай, лут уяач явлаа. 1954 онд Баянтэрмэн сумыг тараагүй байхад зургаан насны адуутай очоод хоёр түрүү, нэг айраг хүртэж явсан сайхан амжилт бий. Тэр үед би аавынхаа туслах уяачаар явсан юм. Ааваас маань өвлөгдөн ирсэн манай адуу чинь Орлойн баячуудын угшилтай. Аавд их хурдан хоёр хүрэн азарга байж бмилээ. Тээр бичин жилийн зуднаар үлдсэн тэжээвэр унагаараа азарга тавьж их олон хурдан унага төрсөн юм.
-Харин та Орлойн баячуудын адууныхаа цусыг яаж сэлбэдэг байв?
– 1968 онд Уулбаянд нүүж ирээд Хэнтий гаралтай үрээ авлаа. Ер нь тэгээд аль л хурдтай гэсэн газруудаас адуу авсан даа. Аавын алдарт хүрэн азарганы төлөөс нэг гүү, нэг азарга надад бий.
-Таны унаган адуу Д.Ононгийн Аварга хээр морины талаар асуухгүй өнгөрч боломгүй. Аварга хээр Онон Тод манлайд очсон түүхийг сонирхуулаач?
– Хээр адуу их олон угшилтай. Манай Уулбаян суманд Гүр, Хээр, Ламтын саарал, Хулан бор, Далиу ногоон гэсэн хурдан буянгууд олон байлаа. Хээр адууны эх эцэгт нь энэ адууны бүгдийнх нь цус орсон. 1997 онд Ононд долоон настайдаа очсон юм. Үүнээс дөрвөн жилийн өмнө манай хадам аавын төрсөн дүүгийнх нь хүүхэд азарга тавих үрээ өгөөч гэдэг юм байна. Өгөөд явуултад засаад тэр үеийн Баянтэрэм сумын Одон гэдэг хүнд зарчихсан байсан. Хөөрхий тэгсэн гурван ч удаа нутгаадаа гүйгээд ирсэн байгаа юм. Тэгэхээр нь Одон би тогтоож дийлэхгүй адуу байна гээд Базаррагчаа гэх нутгийн хүүдээ өгчээ. Базаррагчаа нь таван гарын мушгинд тавьж тоглоод Осгоодоржид очих нь тэр. Ингээд 1997 онд Осгоодорж нь сумын уулын тахилга наадамд уяж, хээр морь түрүүлэхэд нь Ононгийн буурал азарганы эзэн Ганхүү, Сугар хоёр үзээд авчээ. Тэгээд л Онон уяачид очсон юм. Тэнд очоод нэг удаа гүйгээд Хүмүүлтийн гүүрэн дээрээс баригдаж байсан гэдэг. Хээр морины яг төрсөн дүүгээр нь би азарга тавьсан юм. Үр төлүүд нь ч одоо байна. 2001 оны “Их хурд”-д дүү нь долоон настай азарга очоод уралдаж чадалгүй эндчихсэн дээ, хөөрхий. Их хурдтай адуу байсан юм.
Энд сонирхуулахад хээр морины эхийг Баянмөнх аварга авсан ч явж чадаагүй. Хавар унагантай гүү хөтлөөд 60-аад километр яваад эх нь явахаа больчихоор нь манай сумын Пүрэвжавт өгөөд явсан байсан.
-Та Онон Тод манлайтай уулзаж байв уу?
– 2001 оны “Их хурд” дээр Онон надтай таарчихаад таны хээр морь эрлийз үү? гэж асууж байсан. Түүнээс өөрөөр хэрэг болгон таарч байсангүй шив дээ.
-Сүүлийн жилүүдэд та хаагуур наадаж байна вэ?
-Голдуу зэргэлдээ сумдаараа л наадаж байна даа. Харин өнгөрсөн жил Өмнөговь аймгийн “Говьшанхын хурд”-д дөрвөн адуутай очлоо. Газар газрын хурдан шандаст хүлгүүдтэй өөрийн адууг уралдуулах сайхан л байлаа. Ирэх замдаа бас Дорноговиор наадаад ирсэн.
-Ярилцах сайхан байлаа. Та урт насалж, удаан жаргаарай.
-Танай уран бүтээлч хамт олонд баярлалаа. Морины төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа та бүхний санасан ажил сэтгэлчлэн бүтэх болтугай.
Эх сурвалж: WWW.TODMAGNAI.MN