“Роснефть”-ийн хувьчлал ба Монголын импортын үнэ

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

“Роснефть”-ийн хувьчлал ба Монголын импортын үнэ

Оросууд төрийн өмчит томоохон хувьцаат нийгэмлэгүүдэээ 2016 он гэхэд хувьчлахаар төлөвлөж, хувьчлалын өргөтгөсөн хөтөлбөрийг шинэ Засгийн газар нь баталсан. “Залуу, шинэ, мэргэжлийн” гэсэн тодотголтой В.Путины танхим төрийн өмчит хувьцаат нийгэмлэгүүдээ хувьчилж, 2012 онд 300 тэрбум рубль, 2013 онд 380 тэрбум рубль, 2014 онд 475 тэрбум рублийг төсөвтөө оруулсан байхаар тооцож буй. Уг хөтөлбөрт ВТБ банк, “Аэрофлот”, “Оросын төмөр замууд нэгдэл”, РОСНАНО, “Шереметьево” олон улсын нисэх онгоцны буудал, “Уралвагонзавод” илчит тэрэгний үйлдвэр, Архангельскийн усан флот, Ульяновын автомашины үйлдвэр, “Роснефть” тус тус багтаж байгаа билээ.

Гэтэл дээрх жагсаалт дахь хамгийн сонирхолтой аж ахуйн нэгж болох “Роснефть” хувьчлагдах бус, харин тэд TNK-BP-ийг худалдаж авахаар өнгөрсөн аравдугаар сард гэрээ хэлэлцэл хийн нэлээд шуугиан тарилаа. TNK-BP бол ОХУ-д газрын тосны үйлдвэрлэлээрээ гуравдугаарт ордог томоохон компаниудын нэг юм. Энэ компанийн хувьцааны 50 хувийг Английн “British Petroleum” компани эзэмшдэг бол үлдсэн хэсгийг Оросын тэрбумтнууд хуваан эзэмшдэг. Тодруулбал, AAR концернд нэгддэг Оросын баячуудын мэдлийнх.

Англичууд TNK-BP-ийн хувиа “Роснефть”-д худалдахдаа 17.1 тэрбум ам.долларыг бэлнээр авахаас гадна, тус компанийг хувьчлагдах үед 12.84 хувийг нь эзэмших болзолтойгоор зөвшөөрч байгаагаа зарласан. Харин Оросын тэрбумтнууд 28 тэрбум ам.долларыг бэлнээр авах болсон тухай олон улсын хэвлэлүүд шуугьсан юм. Хэрэв худалдан авах яриа хэлцэл амжилттай үргэлжилбэл “Роснефть” компани дэлхийн хамгийн том газрын тосны үйлдвэрлэгч болох аж. Өдөрт 4.5 сая баррель нефть үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэсэн үг. Нэг баррель газрын тос 100 ам.долларын ханштай байхад Оросын Засгийн газар болон “Роснефть” хамтдаа өдөрт нэг тэрбум ам.долларын ашгийг газрын тос болон байгалийн хийн экспортоос олох тооцоо гарсан байна.  

Оросууд ийн мөнгө босгохоор ирэх онуудын төсөвтөө тооцоолж байгаа бол манай Засгийн газар 2013 оны төсвөө баталж, шинэ татварууд нэмж авахаар тусгажээ. 2000 оноос өнөөг хүртэл газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны зориулалтаар импортолсон бараа бүтээгдэхүүнд ногдох татварыг чөлөөлж ирсэн. “Петрочайна дачин тамсаг” ХХК, “Доншен газрын тос” ХХК-иуд 2012 оны эхний найман сарын байдлаар импортолсон 94.4 тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж, материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, автобензин, дизелийн түлшинд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлт эдэлжээ. Энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтийн хугацаа хязгааргүй байгаа нь татварыг тэгш хуваарилах зарчимтай зөрчилдөнө гэж УИХ-ын гишүүд үзсэн. Тиймээс газрын тосны салбарт оруулж буй хөрөнгө оруулалтаас богино хугацаанд үр ашиг хүртэхийн тулд чөлөөлөлтийг хүчингүй болгож, газрын тосны хайгуул, олборлолт хийж буй компаниудад татвар ногдуулж, 10 гаруй тэрбум төгрөг босгохоор шийдэж, 2013 оны төсөвт суулгасан билээ.

Монгол улс газрын тосны салбараасаа бага ч атугай орлого нэмж хуримтлуулахаар болсон нь сайн хэрэг. Үүний зэргэцээ Орос улс өнгөрсөн жилээс газрын тосны бүтээгдэхүүний “60-66-90” татварын систем нэвтрүүлэн ажиллаж байгаа. Энэ системээр дэлхийн зах зээл дэх “Urals” маркийн нефть бүтээгдэхүүнийг өнгөрсөн нэг сарын дундаж үнээс 60 хувиар тооцон авах болсон. Бензиний татварыг дээрх 60 хувиар тооцсон татварынхаа 90 хувиар, дизель түлшний татварыг 66 хувиар тус тус тооцох болсон билээ. Уг системээс харахад тус улсын газрын тосны татвар нь манайх шиг импортлогчдын хувьд хамгийн өндөр байгаа юм. ОХУ-д экспортын шинэ тариф мөрдөөд зогсоогүй, “Роснефть” компаниас Монголд нийлүүлдэг нефть бүтээгдэхүүний квотоо даруй тал хувиар багасгаснаас үүдэн манай импортлогчид ТNK компаниас буюу илүү холоос нефть бүтээгдэхүүн авах болсон билээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын бензиний үнийн өсөлт чухам ийм бодит шалтгаантай байсан. Тээвэрийн зардал илүү шингэсэн тэрхүү үнийн өсөлтийг Монголд мөн л өнөөгийнх шигээ улстөржүүлэн хүлээн авч, импортлогч хэдэн компанийг торгох шийдвэр гаргаж байлаа.

Манай улсын гадаад худалдааны эргэлт 11.3 тэрбум ам.доллар бөгөөд үүний 6.52 тэрбум ам.доллар нь импортод ногдож байна. Тэгвэл импортын 15-аас дээш хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлдэг. Нийт импортолдог нефтийн 98 хувийг Оросоос авдаг гэсэн тооцоо бий. Арваннэгдүгээр сард “Роснефть” компани бензиний тонн тутам дахь үнээ дахин нэмсэн. Үүний дараа Монголд мөн л шуугиан дуулиан дэгдлээ. Энэ өсөлтийн улмаас манай шатахуун импортлогчид хоёр өдрийн турш бензиний үнийг нэмэх тухайгаа дуулган, хэрэглэгчдэд бензинээ картаар худалдсаны эцэст  Монголбанкнаас 120 сая ам.долларын зээл олгох шийдвэрээ баталгаажуулсны дараа шатахууны үнийг өндөр савлуулахгүй байх нөхцөл бүрдсэн. Монголбанк Уул уурхайн яамтай хамтарч “Стратегийн бүтээгдэхүүний санхүүжилтийн схем”-ийг аравдугаар сард баталсан учраас дээрх зээлийг олгосон юм. Уг хөтөлбөрийн үндсэн зорилго нь жижиглэнгийн шатахууны үнийг тогтвортой барих явдал. Жижиглэнгийн шатахууны үнэ өсөхөд инфляци үүсдэг. Монголбанк инфляцийг бага түвшинд байлгаж, тогтвортой барих бодлого баримталж буй. Энэ бодлогоо хэрэгжүүлэх үүднээс дээрх 120 сая ам.долларын бага хүүтэй зээлийг нефть импортлогч компаниудад олгож байгаа билээ.

Бид Оросоос, “Роснефть” компаниас ийнхүү бүрэн хамаарч ирлээ. Одоо TNK компанийг “Роснефть” нь худалдаад авчихсан учир дахиад ганц компанийн импортоос хараат болсон гэсэн үг. ОХУ-ын газрын тосны компаниудын шинэ эзэмшлийн хөдөлгөөн нь Монголын нефть бүтээгдэхүүний хангамжид лав хэсэг хугацаанд хамаатай байж таарах нь.

Э.Хулан

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж