”Хүүхэд бол Монгол Улсын хамгийн нандин баялаг”

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

”Хүүхэд бол Монгол Улсын хамгийн нандин баялаг”

“Хүүхэд бүрийг хамгаалъя” форум ирэх даваа гарагт Төрийн ордонд нээлтээ хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй форумыг санаачлагч “Хөрст дэлхий” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ганбаяртай ярилцлаа.

-Өнгөрсөн зун та морь унаач хүүхдүүдэд “Алтан гэрэгэ” гардуулж байсныг санаж байна. Тэр үед хүүхэд хамгаалах тухай асуудлыг хөндөж байсан. Харин одоо “Хүүхэд бүрийг хамгаалъя” форум санаачилсан байна. Ер нь яагаад хүүхдийн хамгаалалд та илүү их анхаарал хандуулах болсон юм бэ?

-Тэр хүүхдүүдэд “Алтан гэрэгэ” гардуулж байхдаа тэдний баярласан нүдний галаас урам авч, хүүхдүүдийн төлөө, тэдний сайхан амьдрах, эрүүл баталгаатай амьдралын төлөө тууштай явъя гэж бодсон. Манайхан сүүлийн үед уул уурхай, баялгийн тухай их ярьдаг болж. Тэгвэл Монгол Улсын хамгийн том баялаг нь хүн ам, жирийн иргэд нь. Түүн дотроо хүүхэд бол хамгийн нандин байх ёстой. Гэвч харамсалтай нь хүүхдүүдээ хамгаалах, амьд явах орчинг нь баталгаатай болгох нь өнөөгийн Монголд хамгийн дутагдалтай зүйл болж.

Бусад зүйлийн стандартыг тогтоогоод байдаг мөртлөө хүүхдүүд маань ямар орчинд өсч, ямар баталгаатай хоол хүнс идэж байна вэ гэдэгт анхаардаггүй. Ерөөсөө хүүхэд хамгаалал тэр чигээрээ байхгүй болчихсон. Жишээ нь, бид бүгд мэдэж байгаа. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр хичээлээ тараад явж байсан жаахан охин зуурмагийн машинд дайруулаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний дараахан нэг өдөрт хоёр, гурван ч хүүхэд автомашины осолд өртөж амиа алдсан. Барууныхан хүүхдийн сандал гэж хэрэглээд хэвшчихсэн.

Гэтэл манайхан машиндаа хүүхдийн сандал ч хэрэглэдэггүй. Эсвэл бүр жолооны ард хүүхэд тэврээд машин бариад явж байх тохиолдол маш олон. Зарим нь цонхоор харуулж явж байгаад хүүхдээ цонхоор унагаад алдчихна. Гэр хороололд бүр ч илүү. Жаахан хүүхдүүд 00-д унаад амиа алдаж байна, нохойд хазуулж, гэртээ цоожтой байснаас шатаж амь насаа алдаж байна. Үйлчилгээний газруудад ч хамгаалалт байхгүй. Хорооллын “Номин” их дэлгүүрт гэхэд хүүхэд шатны завсраар унаад нас барчихсан тохиолдол гарч л байлаа. Нэг машин дотор олон хүүхэд явж байгаад аваарт ороод эндчихдэг.

Энэ мэтээр хүүхдийн хамгааллыг орхигдуулсан бүхний эсрэг дуу хоолойгоо гаргая, энэ чиглэл рүү хүмүүсийн анхаарлыг чиглүүлье гэж зорьж энэ форумыг санаачилсан. Замын хашлаганы хайс гэж өргөст тор шиг шор гозойгоод байж байгаа. Хүүхэд маш хөдөлгөөнтэй. Гүйж яваад унаж, гайтай төмрөнд нүдээ сохлоод, нүүр нүдээ гэмтээчихвэл яах вэ. Тэгэхээр хүүхдийг гэрт нь ч, гадаа гудамжинд ч, сургууль, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газар гээд бүхий л газарт аюулгүй байдлыг нь хангасан байх ёстой.

-Танайхаас санаачлаад нэгэн дунд сургуульд хүүхдийн автобус бэлэглэж байгаа гэсэн. Хотын дарга сургуулийн автобустай болох санаачилга гаргасан боловч одоогоор ажил нь эхлээгүй байгаа. Та бүхэн Хотын даргын гаргасан санаачлагыг хүлээлгүй нэг ч гэсэн сургуульд автобус бэлэглэж байгаа нь сайшаалтай…?

-Хотын дарга их зүйл хийж байгаа. 2013 оноос Нийслэл хот төсвөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болж байгаа учраас Э.Бат-Үүл дарга сургуулиудыг автобустай болгох ажлаа хэрэгжүүлж эхэлнэ гэж итгэж байгаа. Гэхдээ бид заавал төр засгийн шийдвэрийг хүлээлгүйгээр өөрсдөө боломж бололцоогоо дайчлаад нэг ч гэсэн сургуулийг сургуулийн автобустай болгох ажлыг эхлүүлье гэж шийдсэн. Энэ автобус маань мэдээж хүүхэд зорчих стандартад нийцсэн. Хүүхдүүд бууж, суухад аюулгүй, автобус дотор хүүхдүүд зорчиж байгааг харуулсан анхааруулах тэмдэгтэй бидний ярьдаг барууны стандартын автобус байгаа.

-Ямар сургуульд өгөх вэ. Яагаад энэ сургуулийг сонгосон бол?

-Бид эхний удаад хотын захын сургуулийг сонгосон. Долоон буудал, Дарь эх, Дамбадаржаа чиглэлд хүн ам шигүү амьдардаг учраас эндээс эхэлье гэж шийдсэн.

-Хүүхдийн төлөө олон байгууллага ажилладаг. Гэхдээ харамсалтай нь тэр болгон хийсэн ажил нь бодитой байж чаддаггүй, замхардаг. Энэ форумаас та бүхэн ямар тодорхой санаачлага, уриалга гаргаж байгаа вэ. Нийгмийг хамарсан ямар томоохон ажил өрнөх бол…?

-Бидний хүлээж буй хамгийн гол үр дүн маань хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалсан стандартыг бий болгоод, хуульчилж өгөх. Ерөөсөө хүүхдэд хамаатай бүхэн стандарттай, хэм хэмжээтэй, дүрэм журамд нийцсэн байх ёстой гэдгийг л хуульчлах гээд байгаа юм. Өнөөдөр Монголд хүүхдүүдээ цоожлоод явахад, хүүхдээ машины урд суудалд суулгаад явахад хэн ч хууль зөрчлөө гэж үздэггүй. Гэтэл манай хөрш оронд бол 12-оос доош настай хүүхэд машины урд суудалд суух эрхгүй. Түүнээс доош насны хүүхэд урд талын суудалд авч явж байвал торгуультай, жолоо барих эрхийг нь хасдаг. Мэдээж бид хуультай болчихвол асуудал нэлээн цэгцэндээ орно.

Тийм учраас форумаас гарах санаачилга, зөвлөмж зэргээ хууль санаачлах эрхтэй Ерөнхийлөгч, Их хурлын гишүүдэд танилцуулна. Иймэрхүү зохицуулалт, стандартаа хийж, хуульчилж чадвал бид ирээдүй хойчоо, өөрсдийнхөө үр хүүхдүүдийг л хамгаална шүү дээ. Мэдээж бид хууль санаачлагч субьект биш учраас үүнийгээ Ерөнхийлөгч, Их хурлын гишүүдэд форумаас гарсан санал, зөвлөмжөө хүргүүлнэ. Бид хөгжөөд байгаа юм шиг мөртлөө тэр хөгжингүй орнуудын жишгээс санаа авч хууль дүрэмдээ оруулахаа харин орхичихож.

Зун би арга хэмжээ зохион байгуулаад хүүхдийн төлөө байгууллагатай уулзаж байхад хүүхдийн тухай асуудлыг Шадар сайд хариуцдагийг их гайхсан. Монгол Улсыг айлаар ярьвал Ерөнхийлөгч гэж аавтай. Гэтэл хүүхдүүдийн асуудлыг яагаад аав нь хариуцахгүй байна вэ. Үүнийг ч өөрчилмөөр санагдсан. Миний хувьд, нэгдүгээрт хүүхдэд хамаатай бүхэн стандарттай байя, хоёрдугаарт хүүхдийн асуудлыг айл гэрийн аав болсон Ерөнхийлөгч хариуцдаг байя гэсэн санаачлагыг дэвшүүлж байгаа.

-Таныг зургадугаар сарын 1-нд төрсөн гэж сонссон. Хүүхдийн баяраар төрсөн болоод ч тэр үү хүүхдүүдэд ээлтэй санаачилга гаргасан болов уу гэж бодогдлоо?

-Би хүүхдийн төлөө юм хийх ёстой л гэж энэ өдөр төрсөн болов уу гэж боддог юм. Зургадугаар сарын 1-нд төрнө гэдэг зөвхөн хүүхдийн баяр тэмдэглэж, хүүхдүүдтэй хамт төрсөн өдөр тэмдэглэх гэсэн утга биш гэж боддог. Харин ч хүүхдийн төлөө их зүйл хийгээрэй гэсэн даалгавар юм болов уу гэж ойлгодог. Тиймээс ч чадлаараа бүтээсэн зүйлээсээ ирээдүй хойч үеийнхээ төлөө жаахан ч гэсэн юм хийх хэрэгтэй гэж боддог. Тэндээсээ ч би өөрөө их сайхан эерэг энерги авдаг.

-Форумыг “Хөрст дэлхий” ТББ-аас гадна өөр ямар байгууллага дэмжиж байгаа вэ?

-Бид энэ форумыг Ерөнхийлөгчийн ивээл дор “Даймонд пресс” клубтэй хамтран зохион байгуулж байгаа. “Хүүхэд бүрийг хамгаалъя” форумыг зохион байгуулахаар хүмүүстэй ярьж байхад олон хүн дэмжиж, хамтрахаа илэрхийлсэн. Үүнд ч их баярласан. Хүүхдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө санаа зовдоггүй хүн гэж хаа ч байхгүй. Форумаас тодорхой санаачилгаа гаргаад дэвшүүлэхээр аяндаа бусад төрийн болон төрийн бус байгууллага оролцох нь нээлттэй. Бид зөвхөн эхлэлийг нь л тавьж өгч байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж