Кени улстай дипломат харилцаа тогтооно

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Кени улстай дипломат харилцаа тогтооно

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нараас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг өмнө нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн юм. НББСШУ-ны байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Баярсайханы чуулганы хуралдаанд танилцуулсан. Ингээд  уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хурааж, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох   тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх  нь зүйтэй гэж чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн 80 хувь нь дэмжлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НББСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв.

Кени улстай димпомат харилцаа тогтоохоор боллоо

Мөн үүний дараа Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсаас Бүгд Найрамдах Кени Улстай  дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн танилцуулгыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцууллаа. Тогтоолын төслийг хэлэлцэх явцад гишүүд саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Н.Энхболд “Кени улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжиж байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллийн дагуу Хятадын Элчин сайд Э.Бат-Үүл даргын ярилцлагаас болж уучлалт гуйхыг шаардсан, ОХУ зөвхөн Монголд нийлүүлдэг нефтийн үнэ нэмж байгаа гэсэн мэдээлэл гарч байна. Тиймээс энэ тал дээр мэдээлэл хүсч байна. Мөн албан ёсоор УИХ-д мэдээлэл хийх хэрэгтэй байна. Хамгийн гол нь хоёр хөрш оронд болоод байгаа, гадаад харилцаа юу болж байгааг танилцуулах хэрэгтэй байна. Энэ нь улс орны нийгэм, эдийн засагт яаж нөлөөлөхөөр байна вэ” гэлээ. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Чуулганы хуралдаанд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асуух ёстой. Мөн Гадаад харилцааны сайд гадаадад айлчлалаар явж байгаа учраас энэ талаар хариулт өгөх боломжгүй. Харин асуултаа Гадаад харилцааны яаманд албан ёсоор тавьж, хариулт авах эрх нь УИХ-ын гишүүнд нээлттэй байгаа” гэлээ.

Бүгд найрамдах Кени улстай дипломат харилцаа тогтоох төслийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл “Энэ төслийг дэмжиж байна. Бид Африкийн орнуудтай дипломат харилцаа тогтоох, цаашид бусад оронтой харилцаа тогтоох нь зүйтэй юм” гэлээ.

Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын гишүүн Н.Энхболдын ОХУ-ын талаарх асуултад хариулт өгөв. Түүний хэлснээр ОХУ-аас Монголд нийлүүлж буй шатахууны үнэ нэмсэн асуудлаар Гадаад харилцааны яам болон ОХУ-ын талаас хамтран мэдээлэл хийхээр болсон гэнэ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “НҮБ-ийн байгууллага хүлээн зөвшөөрсөн энэ улсуудтай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг нэг дор хэлэлцэх ёстой. Олон удаа оруулж ирж байхаар, нэгдсэн Засгийн газрын түвшинд оруулж ирээд батлах хэрэгтэй байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Гадаад харилцааны яам ийм байдлаар оруулж ирж байна. Тиймээс нэг дор оруулж ирээд, нэг болгоод шийдэх хэрэгтэй” гэсэн санал гаргалаа.

Үүний дараа тогтоолын төслөөр санал хурааж, 76 хувийн саналаар дэмжигдэж, баталлаа.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж