Х.Мөнхбаатараар үндэсний бөхийн булхайг яриулъя

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Х.Мөнхбаатараар үндэсний бөхийн булхайг яриулъя

Монголын үндэсний бөхийн холбооноос уржигдар хэвлэлийн бага хурал зарлаж, сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг зарлав. Монголын үндэс­ний бөхийн холбооны тэргүүн Р.Ням­дорж “Энэ жилийн Үндэсний баяр наадмаар барилдаж, шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариуд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нар сэргээшийн төр­лийн бэлдмэл хэрэглэсэн нь бат­лагдсан” гэв. Энэ үеэр улсын арслан Х.Мөнхбаатар орж ирс­нээр  Р.Нямдорж тэр хоёрын дунд нэлээд маргаан үүсч  шившигээ дэлгэсэн.

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж Улсын арслан Х.Мөнхбаатарыг сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэснийг олон нийтэд дэлгэж,  ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн бөхийн бусар­маг үйлдлийг илчлэв. Харин Х.Мөнхбаатар хариуд нь МҮБХ-ны тэргүүн хүн хийх нь байтугай бодох ч эрхгүй зүйл хийсэн талаар хэлсэн юм. Тодруулбал, өнгөрсөн 2007 оны Үндсэний их баяр наадмаар Р.Ням­дор­жийн хүү улсын гарьд Н.Ганбаатар нь аймгийн арслан цол­той байхдаа, улсын арслан Х.Мөнх-баатарыг улсын заан цолтой байх үед долоогийн даваанд таарч байсан. Энэ үед Р.Нямдорж Х.Мөнхбаатарт хандан “Миний хүүг дэмжээд заан болгочих, ах нь чамд 70 сая төгрөг өгье” хэмээн гуйж байсныг сэтгүүлчдийн өмнө хэлсэн.  Мөн 70 сая төгрөгийн саналыг хүлээж аваагүй болохоор намайг ийнхүү хавчиж байна гэдгээ ч хэлсэн. Энэ хоёрын маргаан үүгээр дуусаагүй. Нэг нь шүүхэд өгнө гэхэд нөгөө нь “Тэг, тэг” хэмээн хүлээж авснаар монголчуудын бахархал болсон бөх, МҮБХ-ны тэргүүн хоёр маань ийнхүү олны өмнө бие биенийхээ булхайг дэлгэж, ичгүүртэй байдлаа харуулсан юм.

Бөхийн хорхойтнуудад “Жижиг Сүхбат” хэмээн алдаршсан улсын аварга А.Сүхбатыг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хавчиж, ад үздэг байсан гэж хүмүүс ярьдаг. Х.Мөнхбаатарын хэлсэнчлэн энэ яриа ч үнэний ортой бололтой.  А.Сүхбат, Д.Сумьяабазар нарын олон залуу бөх хүч түрэн гарч ирж, үндэсний бөхийг уран барилдаанаараа гайхуулж байсан үе саяхан мэт санагдана. Тэдний дийлэнх нь улсын өндөр цолонд хүрсэн. Тухайн үед тэднийг сэргээш хэрэглэсэн гэсэн яриа лав гараагүй. Манай үндэсний бөхөд цолны найраа гэх айхтар том бизнес газар аваад удаж байгаа. Мөнгөтэй бол заан, арслан цол авахад амархан болж дээ. Заан цолны ханш 70 сая байдгийг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хэлсэн тухай Х.Мөнхбаатар арслан ярьсан. Зааны ханш 70 сая төгрөг гэхээр магадгүй харцага 60 сая, начин 50 сая байж болох юм. Тэгэхээр 180 сая төгрөгтэй хэнбугай ч заан цол авч болно гэсэн үг биш үү. Х.Мөнхбаатар арслан Р.Нямдоржид хандан “Та хүргэн, хүүдээ найраагаар цол авахуулдагаа боль” хэмээн хэлсэн. Ерөөсөө мөнгөтэй болж байгаад МҮБХ-ны түргүүнтэй уулзаж заан цол авъя.  Үндэсний бөх дэлхийд ганц эрийн гурван наадмын нэг. Гэтэл цолны найраа, сэргээш гээд бусармаг зүйлээр дүүрэн болжээ. Энэ бүхнийг гадаадынхан хүртэл ажиглаж, шалдан хүүхний зурганд зодог шуудаг өмсгөн цахим хуудаснаа гаргаж доромжилсон. Шалдан хүүхэнд өмсгөх нь бүү хэл эмэгтэй хүн хүрэхийг ч цээрлэдэг бус уу. Дээр үед нэгэн чадалтай эмэгтэй л зодог шуудаг өмсөн барилдаж байсан гэх түүх байдаг.

Олон жил хөлс хүчээ дуслуулан байж авдаг байсан улсын цол, сэргээш, найраа гэх увайгүй зүйлд дарагдах нь даанч харамсалтай. Хэдэн зуун саяар улсын цол авчихаад насаараа дуудуулах нь өрөвдөлтэй баймаар. Энэ бүхний талаар Х.Мөнх-баатар арслантай уулзаж байгаад  нэг сайхан яриулах юмсан. Ер нь тэгээд хоёр биенийхээ булхайг дэлгэчихсэн юм чинь нэг нь ажлаа өгөөд нөгөө нь цолоо хураалгасан нь дээр биздээ.

Ж.БАТТУУЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж