У.Хүрэлсүхийн тухай хэн юу хэлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн тухай хэн юу хэлэв

УИХ-ын  гишүүн У.Хүрэлсүх  өөрийн  хүсэлтээр  бүрэн  эрхээсээ татгалзлаа.  Түүний гаргасан энэхүү шийдвэрийг улс төрийн  хүрээнд олон янзаар хүлээн  авч, тайлбарлаж байна.  Гэхдээ дийлэнх нь төрийн туршлагатай түшээгийн, зангарагтай шийдвэр гэдгийг онцолж буй.  У.Хүрэлсүхийн гаргасан  шийдвэрийн  талаар  хэн  ямар  бодолтой байгааг  сонирхлоо. Гэхдээ энд  зөвхөн  улс төрчид  гэж явцуурсангүй.    

М. СОНОМПИЛ: АЛИВААД  ШИЙДЭМГИЙ,  ЗОРИГТОЙ ХАНДДАГ  УЛСТӨРЧ

– У.Хүрэлсүх ер нь их шийдэмгий хэлсэн ярьсандаа байж чаддаг, шударга улстөрчдийн нэг. Бид хоёр цэргийн нэгдсэн дээд сургуульд хамт суралцаж, төгссөн.  Бүр хамтдаа 104-дүгээр цэргийн ангид  ажиллаж байсан хүмүүс.  Нэг нь улстөрийн орлогч, нөгөөх нь салаан захирагч байсан  юм.  Улс төрийн гараагаа ч гэсэн би Ардчилсан нам, У.Хүрэлсүх  тухайн үеийн МАХН-ын   залуучуудын байгууллагаас эхэлж байсан.  Хожим Засгийн газарт цуг ажиллаж, УИХ-д хоёр парламент дамнан хамтдаа суулаа. Гишүүнээс татгалзсаныг нь би улстөрийн өнцгөөс харахгүй байгаа. Хүмүүс янз бүрээр ярьж, бичиж байна. Хүрэлсүх бол тэгж нам, улс төрийн ямар нэгэн нөлөөнд ороод байх  хүн биш. Цэргийн хүн учраас аливаад шийдэмгий зоригтой ханддаг улстөрч.  Улстөрчдийн хэлдгээр “Мужик”-уудын нэг дээ.
 
Р.ГОНЧИГДОРЖ: ЯМАР НЭГЭН НӨЛӨӨНД  ОРОХ  ХҮН БИШ

– Хэдийгээр бид өөр намын хүмүүс ч намайг  ах  гэж харьцдагийнх нь хувьд  У.Хүрэлсүх гишүүнийг  ямар нэгэн  шахалт дарамтын нөлөөгөөр өргөдөл өгсөн  гэж бодохгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний талаар улс төр хийсэн  янз  бүрийн зүйл  бичсэн  байна билээ. Үүнд  нь  би  эмзэглэж байгаа. Зовлон, бэрхшээл тохиолдсон үед нь сэтгэл дээр нь  ингэж тоглож болохгүй. Магадгүй тэр  нь У.Хүрэлсүх шиг шулуухан зантай хүний унаган занг нь хөдөлгөсөн ч байж магадгүй.

С.ДЭМБЭРЭЛ : МОНГОЛЫН САЙН  УЛСТӨРЧДИЙН НЭГ

– Олон жил улс төрд явсан манай Монголын сайн улстөрчдийн нэг. Татгалзах болсон шалтгаанаа эхнэрийн бие муу гэж бичсэн байна билээ. Шалтгааныг нь хүндэтгэж үзэх л хэрэгтэй байх. УИХ-ын дарга шалтгааныг уншиж өгч байсан.

ТҮҮНИЙ ГАРГАЖ БУЙ ШИЙДВЭРИЙГ ХҮНДЭТГЭЖ БАЙНА

Поп дива Ж.Алтанцэцэг:

-Нийгмийн гишүүний хувьд улс орныхоо бүхий л салбарын хөгжил дэвшлийг анхаарч ажиглаж байдаг. Улс төрийн амьдралд болж буй үйл явдлыг ч сонирхож, өөрийн дүгнэлтийг хийдэг. У.Хүрэлсүх гуайн хувьд эр хүн шиг харагдаж байна. Намаа ялуулж чадахгүй бол хариуцлагаа хүлээнэ гэж хэлж байсан юм билээ. Хэлсэндээ хүрч иргэний эр зориг гаргаж байгаа нь увайгүй улстөрчдөд үлгэр жишээ болох алхам гэж үзэж байна. Тэрбээр  улс төрд зүтгэдэг шигээ гэр бүлийнхээ сайн сайхны төлөө цаг заваа зориулмаар байна гэх утгатай үг хэлсэн нь маш их таалагдсан. Энэ бол үнэ цэнэ. Ер нь хүн бүр, өрхийн тэргүүн бүр гэр бүлээ сайхан аваад явчихдаг, эхнэр хүүхэд, эцэг эхээ хүний дайтай байлгаж чадаж л байвал нийгэм эрүүл саруул байна гэж боддог. Энэ үүднээс аваад үзсэн ч гэсэн түүний гаргаж буй шийдвэрийг хүндэтгэж байна.

У.ХҮРЭЛСҮХ ЭР ХҮН ЗАНГАРАГТАЙ ЗАН ГАРГАЛАА

“Ачтан” эмнэлгийн захирал Ц.Мухар:

-Би У.Хүрэлсүхийг мэднэ. 1995 оноос л улс төрд орж ирсэн залуу шүү дээ. Түүний шийдвэр зөв байсан. Манай нам сонгуульд ялагдал хүлээвэл би хариуцлагаа хүлээнэ гэж хэлснийг нь тод санаж байна. Үнэхээр эр хүн ч зангарагтай зан гаргалаа. УИХ-аас таван хүн сайн дураараа татгалзаж байсан юм билээ. Тав дахь нь Хүрэлсүх боллоо. Тэр их зоригтой шийдвэр гаргаж чадсан. Ингэж зориглож УИХ-ын сэнтийгээс буух хүн ховорхон л доо.

УЛСТӨРЧИЙНХ НЬ ХУВЬД ХҮНДЭЛДЭГ

“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ:

-Би У.Хүрэлсүх гуайг улстөрчийнх нь хувьд хүндэлж явдаг. Гэхдээ түүний хийж буй алхам, гаргаж буй шийдвэрийг зөв, буруу гэх мэтээр шүүгээд, заагаад байх нь утгагүй. Өөрөө сайн бодсон байх л даа. УИХ-д намын жагсаалтаар орсон болохоор гайгүй байх гэж бодож байна. Түүнээс биш тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн бол сонгогчдын итгэл гэх мэт нарийн асуудал гарч ирэх байсан болов уу. Таныг асуухад л энэ тухай бодож байна. Тиймээс шууд хариу хэлэх амаргүй л байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН Ш.ГУНГААДОРЖ:

-Хүн өөрөө шийдсэн хэрэгт хөндлөнгөөс би юу хэлэх вэ. Гэхдээ би энэ тухай сонсоод амьдралын түшиг тулгуур болсон ханийнхаа төлөө ийм шийдвэр гаргахаас яах вэ гэж бодсон. Гадагшаа удаан хугацаагаар авч явж эмчлүүлэхээс аргагүй гэсэн биз дээ. Хоёрдугаарт, нам сонгуульд ялагдлаа. Өөрөө ч том амласан. Тийм болохоор Их хуралд суух тийм ч таатай санагдаагүй байж мэдэх юм. Тэгээд ч гадуур түүнийг хариуцлагаа хүлээнэ гээд байсан нь энэ үү гэж нэг биш хүн ярихыг сонссон байлгүй. Ер нь У.Хүрэлсүх их сэргэлэн ёстой нөгөө зовхи нь өөдөө залуу шүү дээ. Харин энэ Их хуралд сууж байгааг нь харахад нэг л гунигтай, өнөөх гал цог нь хаачив гэмээр болсон санагдаад байсан юм. Энэ хүний намд, Монгол төр, Монголын улс төрд хийснийг үгүйсгэх аргагүй. 1996 оны сонгуульд манай нам ялагдаад, тэнд баахан уньсан туньсан улс л үлдсэн байхад У.Хүрэлсүх л залуусыг татаж энэ намыг босгож ирсэн шүү дээ. Түүний энэ намд хийсэн гавьяа, гай хоёрыг дэнслээд үзэхэд нэг юм гарах л байх. Яах вэ сүүлийн үед залуу хүний хэт омголон түргэн зангаар асуудалд хандаж, хэтэрхий бярдсан ч байх.

У.Хүрэлсүх залуу хүн. Энэ удаа их улс төрөөс хэсэгхэн л завсарлага авч байна. Түүнээс бүр явчихна гэж би бодохгүй байгаа шүү. Эргээд харин өмнөхөөс хүчтэй, илүү ухаарсан, илүү боловсроод ирнэ гэдэгт итгэж болно. Энэ бол Монголын улс төрд байх ёстой хүн.

ЭРҮҮЛ ХҮН БАЙНА

Хуульч өмгөөлөгч Ц.Монгол:

-Манай улс албан тушаалын төлөө юу ч хийхээс буцдаггүй тийм л хүмүүсээр дүүрчихээд байгаа. Тэд албан тушаалтайгаа үхтэл зууралддаг. Гэтэл яг ийм цаг үед У.Хүрэлсүх гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж буй нь өөрийгөө эрүүл хүн гэдгийг харуулж чадлаа гэж ойлгож байна. Тэр хүн албан тушаалтайгаа зууралдаж гүйлгүй гараад явж чадаж байгаа нь их зориг. Мэдээж шалтгаан нь юу ч байж болно шүү дээ. Манайхаас бусад тухайлбал, Германд гэхэд хэн нэгэн албан тушаалтан алдаатай зүйл ярьж, хараал хэлснийхээ төлөө ажлаа өгөхөд бэлэн байдаг. Харин манай улстөрчид, албан тушаалтнуудад яг ийм ёс зүй дутагдаад байсныг үлгэрлэж чадлаа гэж харж байна. 

У.ХҮРЭЛСҮХ ЭНЭ НАМЫГ ОРХИХ ХҮН БИШ

Д.Цоодол Ардын уран зохиолч, Төрийн шагналт

-Хүний эрх гэж нэг юм яриад байна аа даа. Хэнбэгуай ч түүнийгээ эдэлж болох юм байгаа биз дээ. Зарим нь тэр Г.Баярсайхан гэдэгтэй холбоод байх шиг байна. У.Хүрэлсүх тэр зэргийн юмыг тоох хүн бишээ. Би тэр хүүг дэмждэг юм. Юмаа нуудаггүй зоригтой хүү. МАН-ыг хэцүү үед нь авч явсан хүн шүү дээ. Улс төр гэдэг ороход хэцүү, орсон хойноо гарахад хэцүү чанга хаалга шиг байгаа юм. Түүнийг орхиж гарч чадна гэдэг их зориг. Цаад олон дотор ийм алхам хийж чадах хүн байгаа болов уу.  УИХ-ын хэдээс залхаж, яршигтай санагдсан биз дээ. Одоо чинь юм л бол МАН-ынхан  буруудаж, Ардчилалынхан зөвдөж байдаг цаг ирсэн байна шүү. У.Хүрэлсүх энэ намыг орхих хүн биш.  Нэг л өдөр эргээд ирнэ биз дээ.

ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААН БИЙ БАЙХ АА

Д.Урианхай:

-Хүний амьдралд юу эс тохиолдож болно шүү дээ. Хүндэтгэн үзэх, хойш тавих аргагүй ажилтай, шалтгаантай байсан болоод л УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзсан байх.

УИХ-Д БАЙХ ЁСТОЙ ХҮНИЙ НЭГ

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан

+ У.Хүрэлсүх гишүүнийг хувь хүнийх нь хувьд хүндэлж явдаг. Жинхэнэ эр хүн. УИХ-д байх ёстой хүний нэг гэж бодохоор харамсч байна. Боксоор ярих юм бол их шартай, зоригтой сайн тамирчин. У.Хүрэлсүх одоо ч боксын бэлтгэл хийдэг. Хэрвээ тамирчны замналыг сонгосон бол муугүй амжилт үзүүлэх байсан байх шүү.

ХҮЧТЭЙ, ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц

У.Хүрэлсүх гишүүн үнэхээр хүчтэй, зөв шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр Монгол Улсад улс төрийн хариуцлагын шинэ үе ирснийг харууллаа. Баргийн хүнээс УИХ-ын гишүүнээс татгалзах зүрх зориг гарахгүй байх. Улс төр өөрөө хүчтэйн адил өндөр хариуцлагатай байх ёстой. Оросын нэг сайхан үг байдаг даа. Мужик гэж. У.Хүрэлсүх гишүүн яг л тийм эр хүн.

УЛС ТӨРД ЭРГЭЖ ИРЭХ НЬ ЛАВТАЙ

А.Шагдарсүрэн “Номин холдинг”-ийн зөвлөх

 -Хүмүүс янз бүрээр л ярьж байна. У.Хүрэлсүх намын ялагдал, Г.Баярсайхантай маргасандаа бантаад УИХ-ын гишүүнээс татгалзаж байгаа хэрэг бишээ. Хийх гэснээ хийж, хэлэх үгээ хэлчихдэг нялцагнаж явдаггүй, эр хүн шиг л загнадаг залуу даа. МАН ийм залуу манлайлагчаа зайлуулж болохгүй шүү дээ.  Шинэ Засгийн газрын үйл ажиллагаатай үзэл бодол нийцэхгүй байгаа бол хэн ч гарч болно. Ухаантай хүн бол ийм алхам хийж л таараа. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Энэ хүн улс төрд зайлшгүй эргэж ирэх нь лавтай.

МИХАЙЛД НЭГ БОДОЛ БИЙ

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Батсуурь

Нутгийнхаа улстөрчийг дэмжиж, хүндэлж явдаг. Би У.Хүрэлсүх гишүүнийг МАСЗХ-ны ерөнхийлөгч байхаас нь сайн мэднэ. Бидний уран бүтээлийг маш их дэмжиж явдагт нь баярладаг. Галтай, цогтой, шийдэмгий ийм хүн Монголын улс төрд хэрэгтэй. Гэхдээ “Михайлд нэг бодол бий” гэж үг байдаг биз дээ.

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж