Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

УИХ-ын Тамгын газрын Ерөн­хий нарийн бичгийн даргаар Б.Болдбаатарыг томиллоо. Түүнийг олон нийт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга гэдгээр нь мэднэ. Б.Болдбаатарын хувьд парламент дахь Ардчилсан намын бүлгийн гал тогоог чамгүй сайн барьсан гэдэг юм билээ. Ардчилсан намын гишүүдийн зүгээс түүнийг төрийн албанд олон жил ажилласан учир УИХ-ын Тамгын газрын ажлыг төвөггүй авч явна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн. Хуульч мэргэжилтэй тэрбээр 2004 оноос эхлэн бүлгийн Ажлын албаны даргын албыг хашиж буй юм.   
УИХ-ын “Шинэ хүн” Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдоржоос ажлаа хүлээж авах үеэрээ “УИХ-ын Тамгын газар зөвхөн хууль тогтоох байгууллагын арын албыг хариуцаад зогсохгүй парламентын үйл ажиллагааг чиглүүлэгч “уураг тархи” нь юм” хэмээн онцолж байлаа. УИХ-ын Тамгын газрыг хариуцна гэдэг тийм ч амар биш гэдгийг өмнөх дарга нарын үйлдлээс харж болох юм. Өөрөөр хэлбэл, Ардын нам, Ардчилсан намын томоохон улстөрчид хуулийг өөр, өөрсдийнхөөрөө тайлбарладаг. Нөгөөтэйгүүр, улстөржих явдал ч их гардаг. Энэ утгаараа гишүүдийнхээ ая эвийг тааруулж, парламентаас батлагдаж буй хуулийг олон нийтэд зөвөөр ойлгуулах их ажил түүнийг хүлээж байгаа. Ардчилсан намын арын албыг хашиж байсан Б.Болдбаатарын тухайд УИХ-ын Тамгын газрыг хариуцах болсон учир хуулийн дагуу бүх гишүүнд санаа тавих шаардлагатай болох нь дамжиггүй юм. Ямартай ч Тамгын газрын шинэ дарга ажилдаа орлоо. Энэ албыг цаашид хэрхэн авч явахыг цаг хугацаа харуулах биз ээ.

Ц.ЭНХЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж