Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийг сонгуулийн золиос
болгож орхижээ. Өнөөдөр монголчуудыг тэжээж тэтгэж байх ёстой энэ
компани өрөө төлж барагдуулахын тулд өдөр хоногийг аргацааж байна. Тэр ч
бүү хэл “Чалко”-той хийсэн гэрээнээс болж алдагдал хүлээж эхэлжээ. Мөн
бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд дахиад зээл авах юм гэнэ. Нөхцөл
байдал яагаад ийм муу болчихов оо. “Эрдэнэс Тавантолгой” компанийн
захирал Я.Батсуурь өнөөдөр “Чалко”-г царай алдан гуйж, “Биднийг ганц
удаа харж үзээч дээ” хэмээн шалгааж байна. Энэ бүхэн нь Тавантолгойг
барьцаанд тавьж олсон мөнгөөрөө сонгуулийн шоу хийсэн улстөрчдийн
балаг биш гэж үү. Өмнөх засгийн үед “Эрдэнэс Тавантолгой” компани
“Чалко”-гоос авсан 250 сая ам.долларын урьдчилгааныхаа дөрөвний гурвыг
нь Хүний хөгжил санд хийсэн.
Тэр нь иргэн бүрт олгох 21 мянган
төгрөгийн гол санхүүжилт байсан юм. Мөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн 100
сая ам.долларын урьдчилгаагаа “Чалко”-оос авсан. Тэр нь нөгөө хувьцааны
сая төгрөг болоод л дуусах шиг боллоо. “Чалко”-той хийсэн гэрээнд анх
тухайн үеийн ханшаар нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар үнэлж байв.
Гэхдээ хожим хойно зах зээлийн ханшаар нь тооцож үнийг нь өөрчилнө
гэдгийг гэрээндээ яг зааж өгсөн гэдэг. Өнөөдөр Хятадын Засгийн газрын
бодлогоос улбаалаад нүүрсний үнэ зах зээл дээр буурч байна. Тийм
болохоор “Чалко” нэг тонн нүүрсийг 56 ам.доллараар үнэлж авч байгаа.
Харин “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс олборлох өртөг нь их учраас
алдагдал хүлээж эхэлжээ.
Ингээд хөрсөн дороо асар их нөөцтэй
Тавантолгойн ордын үр шимийг үзэхийн тулд эхлээд өр, зээлээ төлж,
алдагдлаа нө-хөх шаарлагатай болсон юм. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал
Я.Батсуурийн хэлсэн шиг “Чалко”-оос авсан мөнгөө хөрөнгө оруулалтад
зарцуулсан бол өдийд юу гэж ингэж “миарч” суух вэ дээ.
“Чалко”-д
өгөх 350 сая ам.долларын зээлээ төлж дуусахаас нааш Тавантолгойн зүүн
Цанхийн нүүрсийг өөр хаана ч зарж болохгүй гэж гэрээнд заасан.
Энэмэтчилэн манай талд ашиггүй олон хатуу шаардлагууд бий. Ийнхүү нөхцөл
байдал тааруухан байгаагаас үүдээд “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан
өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээгээ дахин эргэж харах
хүсэлтийг “Чалко”-д тавьжээ. Хэрэв “Үгүй” гэвэл олборлолтоо зогсоохоос
өөр аргагүй. “Чалко”-гийн төлөөлөгчид энэ талаар бодож үзээд хариуг нь
өгөх юм гэнэ. Гэхдээ тэд манайхны тавьсан саналыг хүлээж авах эсэх нь
тун эргэлзээтэй. Тэдэнд илүү ашигтай өөр нэг хувилбар санал болгож байж
санааг нь эргүүлж болох юм. Эс бөгөөс “Хандивын тоглолт хийе” гэхгүй л
юм бол энэ гэрээ хятадуудын хувьд өөрчлөхийн аргагүй ашигтай. Гадны олон
компанитай хамтарч, уурхайд нь хөрөнгө оруулалт хийж байсан
“Чалко”-гийн хувьд өөрсдөд нь таалагдахгүй л бол ямар ч шаардлагыг
хүлээж авахгүйгээр гэрээгээ цуцлаад явж байсан жишээ бий. Тухайлбал,
Австралийн Квийнслэнд мужийн хөнгөн цагааны уурхайд “Чалко” хөрөнгө
оруулалт хийхээр болоод байсан. Гэтэл Австралийн Засгийн газар тус
компанид хөнгөн цагаан баяжуулах үйлдвэр барих болзол тавьжээ. Харин
“Чалко” нөгөө уурхайг орхисон юм. Тэртэй тэргүй хөнгөн цагааны зах
зээлээс ашиг олохгүй гэж тэд тооцоолсон байна. Тэдэнд илүү ашигтай
нүүрсний салбар сонирхолтой санагдаж байжээ.
Уг нь “Чалко” гол
ашгаа хөнгөн цагааны үйлдвэрлэлээс олдог байсан. Гэхдээ олон улсын
биржүүд дээр энэ металлын ханш тасралтгүй унаж байгаа. Үүнээс болж энэ
оны гуравдугаар улиралд “Чалко” 1.08 тэрбум юанийн алдагдал хүлээсэн
байна. Эхний есөн сарын нийт дүнгээ 4.33 тэрбум юань алджээ. Гэтэл
өнгөрсөн оны мөн үед 555 сая юанийн ашигтай ажиллаж байж. Ямартай ч
“Чалко” алдагдлаа нүүрс, төмрийн хүдрийн салбараас нөхөхийг зорьж
эхэлсэн. Тэгээд хамгийн түрүүнд Монголыг сонирхсон юм. “Саусгоби
сэндс”-ийн хувьцааг худалдаж авах санал нь бүтэлгүйтсэн ч гэсэн “Чалко”
өнөөдөр бүхий л талаараа манай нүүрсний зах зээлд нөлөөлөх боломжтой
болжээ. Монголын ложистикийн системийг ха-маардаг “Winsway Coking
Coal”-ын хувьцааны 30 хувийг авсан. Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио
Тинто”-гийн хувьцааны 13 хувийг эзэмшдэг. Тавантолгойн нүүрсний гол зах
зээл болох Хятадын баруун хойд хэсгийг хянадаг. Удахгүй шинээр байгуулах
төмөр замд ч гэсэн өмнөд хөршийн төрийн мэдлийн компани “Чалко”-гийн
нөлөө тодорхой хэмжээнд илэрч мэднэ. Овооттолгойн лицензийг эзэмшдэг
“Саусгоби сэндс”-ийн хувьцааг 926 сая ам.доллараар худалдаж авах санал
нь бүтэлгүйтсэн ч “Чалко” тэгтлээ ядарчихаагүй байна. “Хятадын төрийн
мэдлийн энэ компани Монголын нүүрсний зах зээлд бүрэн нөлөөлж чадна” гэж
гадны зарим хэвлэлээр бичсэн нь бас л нэгийг өгүүлнэ. Хэрэв “Чалко”
“Эрдэнэс Тавантолгой”-той байгуулсан гэрээгээ шинэчлэхгүй гэвэл, эсвэл
оронд нь Тавантолгойн Баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулалтад
Хятадын эзлэх хувийг нэмэх “шантааж” хийвэл яах вэ. Бидэнд хэлэх үг
байхгүй. Өөрийн баялгаа эзэмшихийн тулд өөр нэг баялгаа барьцаалж
суухаас өөр аргагүй болно гэсэн үг.
Тавантолгойн Баруун Цанхийн
хөрөнгө оруулагч болох саналыг манайхан АНУ-ын “Пибоди Энержи”-д тавиад
байгаа. Одоохондоо зөвхөн хэлэлцээрийн ширээнд суухыг урьсан. Гэхдээ
Хятадын “Чалко”-д тал алдахгүйгээр америкчуудтай хамтрах боломжийг
эрэлхийлэх нь жижиг улсын ард түмний толгойны өвчин болоод байна.
Тавантолгойн
бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахын тулд бүтээн байгуулалтын ажил
олныг хийх шаардлагатай. Цахилгаан станц байгуулахад зориулж 600 сая
ам.доллар, нүүрс угаах үйлдвэрт 500 сая ам.доллар, усны шугам татахад
80 сая ам.доллар хэрэгтэй. Баруун Цанхид зориулж 500 сая ам.доллар,
нийтдээ 1.6 тэрбум ам.доллартай болж байж Тавантолгойн баялаг эргэлтэд
орно. Энэ мөнгө манайд байхгүй. Тиймээс үүнийг олохын тулд гадны
банкуудаас зээл авах талаар хөөцөлдөхөөр болжээ.
Утгагүй юм. “Ард
түмний баялаг” гэж хоосон цол гуншин өгчихөөд Тавантолгойг өөрсдийн
эрх мэдэлд хүрэх гүүр болгон ашигласан улстөрчдийн лай ланчигийг бид л
үүрэх болчихоод байна. Сонгуулийн золиос оо гэж.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин