Нартай байхад уулзъя аа
Найман цагаас хотод минь
Найр тавих газар үгүй
Харъя гэвч харах юм үгүй
Оръё гэвч газар үгүй
Одоо яая гэх вэ
Орж нэг юм уухаас» хэмээдэгсэн.
Бидний цэл залуухан насанд орой найман цагаас хойш ороод суучих аятайхан газар тоотой байж. Дэлхий тэнхлэгээ тойрон эргэсээр 20 гаруй жил өнгөрлөө. Өнөөдөр ядаж л шөнийн 00:00 цаг хүртэл орж суугаад, аятайхан наргичих цэнгээний газар тэнгэрийн од шиг олон болсон. «Гэхдээ бүх юм «ОК» болох яагаа ч үгүй.
2003 онд батлагдсан Архидан согтуурахтай тэмцэх хуулийн «Согтууруулах ундааг борлуулах, үйлчлэх цагийг 00 цагаар хязгаарлах» заалтыг нийгмийн амьдралд мөрдүүлэх гэж аймаг, хот, дүүргийн захиргаа, цагдаагийн байгууллагууд «шар махтайгаа хаттал» зүтгээд дийлэхгүй есөн жилийн нүүр үзэж байна. Хуулиндаа 00:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарж болохгүй гээд цагаан дээр хараар дурайтал бичээстэй байгаа ч өнөөдөр 24 цагаар үйлчилдэг захын дэлгүүрт ороод «шилтэй цэнхэр»-ийг хэдийг ч авч болно. Яагаад гэвэл бид чинь ардчилал, хүний эрхийг дээдэлдэг эрх чөлөөт орны иргэд болохоор ямар ч хорио цээр байж таарахгүй. Шөнийн хоёр, гурван цаг болж байна уу хэнд ч падлийгүй. «Мөнгөө төлсөн, архийг минь өгөөдөх» ингээд л гүйцээ.
Энд би 24 цагаар ажилладаг дэлгүүрийн тухай л ярьж байна. Харин шөнийн цэнгээний газруудын хувьд байдал их өөр. Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнх- баярын саналын дагуу Т.Билэгт даргатай НИТХ- ын 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталсан 91 дүгээр тогтоолын дагуу шөнийн цэнгээний газруудыг ОО цагт хүчээр хаах дүрэм журам өнөөдөр ч мөрдөгдөж байгаа. Балагтай 91 дүгээр тогтоолыг баталсан НИТХ- ын дарга асан Б.Билэгт гуай өнөөдөр зугтаж гарсан АНУ-даа ОО цагаас хойш шөнийн цэнгээний газраас хөөгдөж туугдах зовлонгүй тарвалзаж л яваа байх. За тэр ч яах вэ.
Өнөөдөр хулгайгаар ч юм уу, цагдаагийн хурандаа нарын ивээлээр 04 цаг хүртэл ажилладаг газрууд хаа сайгүй бий. Томхоноос нь дурдвал Барилгачдын талбайн «Доргио» шөнийн клуб 5000 төгрөгийн таксаар өглөөний 06:00 цаг хүргэдэг байх жишээтэй. Ийм дархан эрхтэй газрын нэгэнд 13 дугаар хороололд байх «UB-13» шөнийн клуб орно. Бас л цагдаагийн хурандаагийн уул шиг нөмөрт хаацайлагддаг энэ газарт 5000 төгрөгийн такс төлөөд өглөөний 05:00 цаг хүртэл архи ууж, гуйвтлаа бүжиглэж болно. Гоё байгаа биз.
Гэхдээ цагдаагийн «бүдүүн» хурандаа нар «улаан нүүр, халуун цээж»-ээрээ хамгаалдаг иймэрхүү газар дүүрэг бүрт гурваас дөрөв бий. Бусад шөнийн клубийн хувьд ёстой «No» шүү дээ. 23:50 цаг болов уу үгүй юу өөр хийх ажилгүй гар, хөл нь загатнаж, сүрийг бадруулсан баахан цагдаа нар орж ирээд тэнд байгсдыг ёстой нэг дарамтлах шиг болно доо. «Наадахаа хаа. Алив бос. Бушуу гарцгаа» гэж чанга орилолдон цохиж ёвроод, мал шиг хөөгөөд гудамжинд гаргачихна. Дотор ууж дуусаагүй шар айргаа барьж гараад ууж зогсоо нэгнийг «Гудамж талбай, олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэсэн» гээд ачиж аваад эрүүлжүүлэх рүү талийж одно. Мөн ч яггүй дээ.
Хамгийн гайхалтай нь НИТХ-ын 91 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1214 дүгээр захирамжтай эрс зөрчилдсөөр өнөөдрийг хүрээд байгаа. Засгийн газрын 1214 захирамжинд «Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрууд 00:00- 06:00 цаг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосноос бус 00:00-06:00 цаг хүртэл үйл ажиллагаа эрхлэхийг хориглохгүй» гээд маш тодорхой заачихсан байна.
Харин хууль дүрэм сахиулагчид маань хуулиа мэддэггүйгээс үү, аль эсвэл «Монголын хууль гурав хоног»-ийг хамгийн сайн баримталдгаас ч тэр юм уу 00:00 цагаас хойш шөнийн клубт сууж байсан жирийн иргэдийг нохой шиг гудамжинд хөөж гаргасаар өнөөдөртэй золголоо. Халуун дулаан газарт найз нөхөд,
ажлын хамт олонтойгоо бүжиглэж, наргиж суусан хүмүүс төрийн цагдаад бороохойдуулах нь холгүй шөнийн клубээс хөөгдөж гарснаар гэмт хэргийн хохирогч болох, харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол цөөнгүй.
Ажлын газрынхаа хүмүүстэй сууж байгаад шөнийн клубээс хөөгдөж гарсан цэл залуухан бүсгүй даашинзтайгаа хөлдөж, харамсалтайгаар хорвоогоос буцсан тохиолдол бий. Хөөрхий бүсгүйг хөөж гаргасан төрийн цагдаа Засгийн газрын 2010 оны 1214 дүгээр захирамжийн дагуу хууль дүрмээ баримтлан ажилласан бол өглөөний 06 цаг хүртэл өөрийн сонголтоо хийх бүсгүй өнөөдөр амьд мэнд, бидний дунд инээд цацруулаад алхаж явах байж.
НИТХ-ын 91 дүгээр тогтоолын дагуу шөнийн клубүүд 00:00 цагаас хаалгаа барьж, cap бүрийн 1-ний өдөр архи зарахгүй байснаар улаанбаатарчууд юу хожсон бэ. Юу ч хожоогүй. Харин ч төрийн хууль «гууль» болж, далд архидалт «цэцэглэсэн» нь бодит үнэн. Хүн төрөлхийн сониуч амьтан. Хориглосон бүхэн рүү хошууран дайрч, ховордож багасах тусам улам л ховдог хомхой болно. Харин эсрэгээрээ элбэг дэлбэг, овоорсон бүхэнд нүд, сэтгэл нь цадаж, өлөн ходоод нь дүүрээд ирдэг нь гайхмаар ч гэсэн амьдралаар нотлогдсон үнэн билээ.
Шөнийн цэнгээний газруудыг 00:00 цагт хүчээр хааснаар ахуйн хүрээний архидалт хавтгайрч, энэ төрлийн гэмт хэрэг зогсолтгүй өсч байгаа. Олон нийтийн цэнгээний газарт найз нөхөд, ажлын хамт олонтойгоо наргиж байгаа хүмүүсийн сэтгэл зүй мансууран согтуурахаасаа илүү хөгжиж цэнгэх, сайхан бүжиглэж, сэтгэлийн цэнгэл эдлэхийг илүүд үздэг нь хэнд ч ойлгомжтой. Харин шөнийн цэнгээний газруудаас 00:00 цагт хүчээр хөөгдөж гарсан иргэд хэд гурваараа үргэлжлүүлэн гэр орон, хямд үнэтэй зочид буудлуудад архидан согтуурснаас гарч байгаа гэмт хэрэг, харамсалтай үр дагавруудыг тоочиж барахгүй.
Энэ бүхнээс гарч болох хамгийн энгийн хэрнээ бодит үр дүнтэй ажил бол ерөөсөө л шөнийн цэнгээний газруудад хатуу зэрэглэл, стандарт тогтоож ажиллах цагийг нь уртасгах явдал юм. 04:00, 05:00 цаг хүртэл ажиллаг яадаг юм. Харин тэнд зарагдах архи, шар айрагны үнэ, шөнийн цэнгээний газруудын байр сав, ая тух, зэрэглэл гээд нэн даруй шийдэх ёстой олон асуудал бий. Энэ бүхнийг цогцоор нь шийдвэл XXI зууны Улаанбаатар хотын сэтгэл зовоосон нэгэн томхон асуудлыг үр дүнтэй шийдэх гарц байгаа юм. Нийслэл хотод тулгамдаад байгаа энэ асуудлын тухай цуврал нийтлэлээр уншигч танд хүргэх болно.
00:00 цагаас хотод минь, наашаа гэх газар үгүй еэ. Одоо яая гэх вэ, орж нэг юм ууцгаах уу яах уу.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"