Чуулганд 49 байгууллагын 180 гаруй төлөөлөгч оролцож, 12 жилийн турш тус холбоог тэргүүлсэн Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Баярбаатарыг томилсон байна. Үүнээс гадна удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилжээ. Харин Монголын волейболын холбооны генсекээр Ц.Бат-Энхээр хэвээр батлав.
Тус холбооны шинэ тэргүүн Ц.Баярбаатар нь волейболын “Эрчим” клубыг санаачлан байгуулсан, 2000 онд Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авч үзэгч олноо баярлуулсан эмэгтэй шигшээ багийн эзнээр ажилласан билээ. Дашрамд сонирхуулахад, Монголын волейболын холбоо анх 1957 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд найм дахь ерөнхийлөгч нь үүрэгт ажлаа хүлээн аваад байна. Харин ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тав дахь генсек нь юм байна.