Ч.Цэвээнпүрэв аваргын бүсний төлөө

Хуучирсан мэдээ: 2012.11.09-нд нийтлэгдсэн

Ч.Цэвээнпүрэв аваргын бүсний төлөө

Мэргэжлийн боксын нэр хүндтэй холбоодын нэг IBO-ийн дэлхийн аваргын төлөө өнөөдөр Сингапурт тулалдах Монголын боксчин Ч.Цэвээнпүрэв болон Д.Ёрдан нарын хэвлэлийн бага хурал өнгөрөгч лхагва гаригт болжээ. Дэлхийн аварга болсноос хойшхи хамгийн анхны цолоо хамгаалах тулаанаа хийх гэж буй Д.Ёрдан ийнхүү ярьсан байна. “Миний өмнөх тулаан яг энд болсон учраас надад ээлтэй газар гэж би боддог. Чухам би энд цугларсан гайхалтай хөгжөөн дэмжигчдийн ачаар дэлхийн аварга цолыг хүртсэн шүү дээ. Би Цэвээнпүрэвтэй хийх тоглолтод ч сайхан тулаан үзүүлж, хөгжөөн дэмжигчдийг баярлуулахыг хүсч байна” хэмээжээ.

Энэ жил 25 настай Д.Ёрдан мэргэжлийн боксын рингнээ 31 тулаан хийж 29-д нь ялалт байгуулсан /үүний дотор 23-д нь нокоутаар/ бөгөөд тавдугаар сарын 5-нд Сингапурт болсон тулааны дараа дэлхийн аварга болсон юм. Тэрчлэн тэрээр өөрөөс нь 16 насаар ах Монгол боксчинг хугацаанаас нь өмнө ялахыг зорьж байгаагаа нуусангүй. Тэрээр энэ талаар “Би хоёрдугаар раунд хүртэл рингэн дээр байх шаардлагагүй гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Түүний ах, мөн дасгалжуулагч Дамиен Ёрдан ч шавьдаа итгэлтэй байгаагаа илэрхийлэхдээ “Мэргэжлийн бокс гэдэг зөвхөн тулаанаас гадна шоу байдаг. Би Даудад 12 раунд тоглож, битгий үзэгчдийг зовоогоорой гэж захисан шүү” гэжээ.

Мэргэжлийн боксын түүхэн дэх Монголын хамгийн шилдэг бокчсдын нэг Ч.Цэвээнпүрэв хэдийгээр 41 настай ч 41 тулааныхаа 36-д нь ялаад /үүнийхээ 24-т нь нокоутаар/ байгаа юм. Ч.Цэвээнпүрэв мөн сүүлийн долоон тулаандаа ялалт байгуулсан бөгөөд хамгийн сүүлд гуравдугаар сарын 23-нд Лондонд Б.Розуа хэмээх боксчинг буулган авсан билээ.

Энэ удаагийн өрсөлдөгчийнхөө тухайд “Монгол дайчин” маань “Би түүнийг 12 настай жаахан хүүхэд байхад аль хэдийнэ мэргэжлийн боксчин болчихсон байлаа. Надад түүнийг хэрхэн хожих, хэрхэн унагаах хангалттай их туршлага, чадвар байна. Би ялалт байгуулна гэдэгтээ нэг ч хором эргэлзээгүй шүү” хэмээн Ч.Цэвээнпүрэв ярьжээ.

НТВ Телевиз Ч.Цэвээнпүрэвийн тулааныг шууд дамжуулна

Энэ баасан гарагт Монголын мэргэжлийн боксийн ертөнцийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэгэн баярт үйл явдал болох гэж байгаа билээ. “Монгол дайчин” нэрээр алдаршсан Ч.Цэвээнпүрэв IBO-ийн дэлхийн аваргын бүсийн тулааныг Индонезийн боксчин Д.Ёрдантай хийх гэж байгаа юм. Тэгвэл Монголын шилдэг телевизүүдийн нэг НТВ телевиз уг тулааныг Монгол орон даяар шууд дамжуулан үзүүлэхээр болсон байна.

Дэлхийд тэргүүлэгч Монголын уул уурхайн компани “Оюутолгой” компанитай хамтран энэхүү тоглолтыг НТВ телевиз 2012 оны 11-р сарын 9-ний баасан гарагийн 22:00 цагаас шууд дамжуулан үзүүлэх юм. Монголын бахархал, Монгол дайчныхаа тоглолтыг та бүхэн шууд хүлээн авч, сэтгэлээрээ уухайлан дэмжих боломжтой боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж