Өнөөдөр нийслэлчүүд бид гудамжаар тайван алхах зам үгүй, хотын төвийн зарим нэг замыг эс тооцвол, хаа сайгүй явган хүний зам гэж нэрлэхэд хэцүү ухаж сэндийчиж, бүр нүх ухаад хаячихсан, харанхуй бүрэнхийд бол унаж бэртэж ч болзошгүй замаар бэдэрч яваа. Явган хүний гарцыг таглаж, эсвэл засвар хийж байна гэж ухаж сэндийчдэг, ухаж сэндийчээгүй ч овон товон, эвдэрхий хэмхэрхий замаар аятайхнаар хэлэхэд бүсгүйчүүд шаахайныхаа өсгийг хугалмаар, хөгшид настнууд, хүүхэд багачууд унаж бэртмээр газрууд олон. Явган хүний гарцыг хааж байшин барьж, автозамтайгаа зэрэгцээ шахуу үйлчилгээний газар шавааруулдуулсан хотод маань ингэхэд явган хүний зам байдаг ч юм уу гэж эргэлзмээр. Энэ намар л гэхэд төв замтай залгаа шахуу байдаг сургуулийн сурагч хичээлээ тарж яваад машинд дайруулж амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарч байсан билээ. Хүүхэд байтугай том хүн ч явахад бэрх, замаар давхиж байгаа машины салхинд нь татагдаад уначихмаар явган хүний гарц ч бий. Явган хүн явах зай байхгүйгээс авто машины замын дагуу алхаж яваад осолд ордог тохиолдол бий.
Жишээ нь өнөөдөр л гэхэд III, IV хорооллын эцсээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төв хүртэл шулуун зам дагуу байх явган хүний замд барилгын ажлын улмаас ийнхүү шороо овоорсон, тоосго, бетон өрж тавьсан байдалтай байна. Иргэд ийм газраар явах аргагүй учир автомашины зам дээгүүр хүүхдээ дагуулаад алхаж байна. Хараа хяналтгүй бага насны хүүхэд бол ганцхан ухасхийгээд л автомашины осолд орохоор дэндүү айдастай. Ахмад настнууд овоолсон шороон дээгүүр алхаж гарч чадахгүй болохоор автомашины замаар явахаас өөр аргагүй. Шороо чулуу овоолсон явган хүний энэ замд бүр муу усны хоолойны нүх таглаагүй онгойж байх. Өдөр бол хүмүүс эрх биш үүнийг хараад тойроод гарчих байх. Харин харанхуй бүрэнхийд хүн унаж осолдохгүй гэхийн арга алга. Уг нь энэ бол явган хүний зориулалтын зам шүү дээ. Иймэрхүү замууд үүгээр тогтохгүй олон байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Тиймээс “News.mn” сайт иргэдийн дуу хоолой болж, хот тохижилт, компаниудын “анзаарахгүй” байгаа хүмүүс амиа ч алдаж болзошгүй аймшигтай замуудыг хараачлахаар цуврал сурвалжлагыг хийж байх болно. Иргэн та ч хаана иймэрхүү явган хүн явах аргагүй явган замын талаар бидэнд мэдээлээрэй.
Гэрэл зургийг: О.МӨНХНАСАН